Баатрын дуу зуу шахам жил хангинасаар атал баатрын нутаг ба тэр нутгийн хүн зоны ул мөр нь мал сүрэгтэйгээ хамтаар нур элсэнд булагджээ.
Баатартай нутаг барагдлаа, баатаргүй нутаг ч адилхан барагдлаа. Зарим хүн Гаада мэйрэн хэрэв босон тэмцсэнгүй бол нэн олон сайн явдал хийж болох байсан, босон тэмцээд юу ч бүтээж чадсангүй гэж харамсана, дагууд та нар ч битгий ийм үзэгдэл хараарай гэх санаа ч илхэн.
Сурагч ахуй цагт чөлөө олдвол юу нэг маргалдаж хааяа хошуу нутгийн аман аялгуугаар ч шог барьж явдаг маань санагдана.
– Танай ван чинь газраа худалдаагүй бол Гаада мэйрэн ч гарахгүй.
– Тэр ч зөвөө, гэтэл таны ван чинь газраа худалдаагүй юм уу?
Ийм хошигнол өнгөрөөд олон жил болсон ч жил явах тутам олон юм бодогдуулна. Нутаг усны эзгүйрэл нь сэтгэдэггүй хүнийг ч сэтгэдэг болгох ёстой, учир нь амьдран орших орон зай өдөр ирэхүйеэ явцуурч, өв соёл мааны мөхөж сөнөхийн зай дээр тэлчилж байхад хамгаас дурсагддаг нь баатар хүмүүс маань юм. Тийм дээ болов уу? Уран бүжгийн уралдаанд ч Гаада мэйрэнээр сэдэвлэсэн бүжиг хэд байсан шүү дээ. Энэ нь цаг эрин, хүн зоны маань баатарчуудаа үгүйлж хурайлж байгаа нь тэр болов уу? Гэхэд баатар болвол үрэгдэл гарна гэж эмээгчид нь харин нэн олон гэхэд арай буруудахгүй биз. Гаада мэйрэнийг чамалхад хүрсэн нь үнэндээ Гаада мэйрэнийг чамлаж байгаа биш, харин баатраа дэлхийд хосгүй гэж шүтдэгээс болсон юу магад. Олон жилийн турш хувь хүний үйлдлийн хэт хүндэтгэдэг түүхийн архагаас бидэнд хэзээ ч баатраа дурсахыг бүү хэл, харин баатар маань тэгээгүйсэн бол энэ байдлаас биднийг аварч болох байсан гэх харамсал цухалзах юм.
Гаада мэйрэн босон тэмцсэнгүй бол Дархан хошууны нутаг одоо бас ногоон давалгаа хаялж байгаа гэж бодож чадах уу та минь? Боссон нь баатар, босоогүй нь баатар ч байсан эсэхийг хэн яаж мэднэ билээ? Тэгвэл Гаада мэйрэн босоогүй бол хэн Гаада мэйрэнийг баатар гэх билээ? Бид баатар ба удирдагчийг ер нь хутгаад байгаа шиг байна. Хэн бүхэн удирдагч болдог учир байхгүй, гэтэл хэн бүхэн баатар байж бололгүй дээ. Монголчууд хэн нь ч бүр баатар байсан. Харин үеэс тасархай удирдагч маань ганц өвөг Чингис л байсан.
Тэгээд Гааада мэйрэн байсан байгаагүй нутаг ч адилхан барагдсан юм чинь баатар гарах үрэгдэл гарна л гэсэн үг гэж арай шууд хэлээгүй л байгаа. Тиймээ, баатар гэдэг үг зарим утгаас гунигт жүжиг гэдэг үг байж ч болно, онцлон Өмнөд Монголын зуу шахам жилийн түүхэнд бүр ч ийм, гунигт жүжиг тасралгүй тоглогдож байгаа нь энэ үндэстэн арай мөхөх болоогүйн дохио мөн. Өвдөөд ёолж байгаа нь амь нас оршиж байгаагийн тэмдэг, харин өвдөхөө мэдэхгүй болсон хүн эдгэхэд бэрхтэй бишүү? Гаада мэйрэний бослого бол нэг үндэстний “Өвдөж байна, битгий бие дээр минь зүсээд хагалбарлаад бай” гэх ёолол мөн, эсэргүүцэл мөн. Тэр баатар маань хөрсийг сэндийлсээр бахиж ирсэн анжисийн хушуунд “Энэ бол эзэнтэй нутаг!” гэж хашгирсан:
Элэг нэгтэндээ “Хүүе хө, та нар минь, өвөг дээдсээс өмчилж ирсэн нутаг усаа хамгаал!” гэж уриалсан юм.
Гаада мэйрэн үрэгдлээ, энэ бол гуниг, гэтэл нэг угсаатныг бүтнээр нь залгиж их гунигийн дундах нэг зүйлийн омог жавхаа, эр цөс мөн. Хэрэв бүрхэж бүслэж ирсэн хямралын гар хар мананг шувталъя гэвэл бидэнд дээдсээс уламжилсан тэр сүр сүлдээс өөр юу түшиг болдог билээ? Гаада мэйрэн бол тэр сүр сүлдийг амь насаараа мандуулж босгосон босоо цогцот зориг санаа мөн, Монгол зориг санаа, Чингис зориг санааны жинхэнэ утгыг ойлгож уламжилсан хүн. Үрэгдсэн нь хүний амь нас, хэдэн арван жилийн амьдрал зүтгэл, түүний хоцорсон нь өнө мөнх баралшгүй зориг санааны хүнс – Тэр бол Монгол хүний өв хөрөнгө, үеийн үед өвлөх хөрөнгө. Хойчис маань тэр хүнснээс тамир залган, Монголын тэнгэр хиртсэн бармын тоосыг арчина, Монголын талыг цөлөмсөн өлөн рахуг үлдэнэ, Монгол хүнийхээ жинхэнэ эрх чөлөөг талынхаа нартай хамт, шиврэх бороотой нь хамт, урсан хөгжимдөх гол горхитой нь хамт, налайран хөхрөх талтай нь хамт, Монгол гэртэйгээ хамт, уртын дуутайгаа хамт ...... мөнхжүүлнэ.
“Гаада мэйрэн” гэдэг дуу үнэн ёсны мэдрэмжээс ундарсан, хүн төрөлхтний дуу хөгжмийн санд өргөсөн содон бүтээл төдийгүй, зориг санааны түүхэнд дэвшүүлсэн мөнхийн өв! Гаада мэйрэнтэй даган Монгол маань Монголоороо үеийн үе өндийж, гэдийж явдаг учиртай.
2006 оны 12 сарын 24-нд бичиж
2007 оны 1 сарын 8-нд засав.
“Цээлийн өндөр” өргөөнд
No comments:
Post a Comment