Тэнгэр шүтлэг, бөө мөргөл

Мөнх тэнгэрийн үүсэл

Монголчуудын шашны сэтгэлгээ нь олон мянган жилийн турш animism/сүнс буй гэх үзэл/, шаманизм/сүнстэй харьцах эртний сүсэг бишрэлийн хэлбэр буюу бөө мөргөл/, polytheism/ажил мэргэжилийн олон төрлийн бурхад буй болсон үе/, dualism/эцэг тэнгэр, эх газраа шүтэхүй-ийн үе шатыг туулсаар XIII зуунтай золгодог бөгөөд Монгол үндэстэн нэгдэж хүчирхэг төрт улс байгуулагдан дэлхийг байлдан дагуулсан зэрэг түүхэн үйл явдалтай нөхцөлдөн Монголчуудын шашны сэтгэлгээ оргилдоо хүрч мөнх тэнгэрийн monotheism болон бүрэлдэн тогтжээ.
Эртнээс эдүгээ хүртэл эрдэмтэн мэргэд сүнс хэмээгч хий ухаар юмыг олон талаас нь судалж иржээ, тухайлбал: жин, хэмжээ, хэлбэр, чанар гэх мэт. Монголчууд мөн нэгэн адил хүнд сүнс байдаг гэж итгэж үнэмшсээр ирсэн бөлгөө. Монгол хар аман ярианд "сүнсээ гартал айлаа", "зүрхээ гартаа барьж явлаа" гэж хэлэлцдэг нь хүний биед махбодоос гадна сүнс оршиж буйг батлан өгүүлж байна. Монголчууд эрт дээр үеээс өвдөх, зүүдлэх, үхэх, төрөх зэрэг үйл явдлуудаас сүнс буй хэмээн ургуулан бодох болж, ийнхүү улмаар энэ сүнс гэгч зүйлээс айж цэрвэх, аль эсвэл бишрэн шүтэснээр анх шашны сэтгэлгээ үүсч бий болжээ
Аливаа улс үндэстний эртний шүтлэг бишрэл нь бүгд бөө мөргөл байлугаа. Бөө мөргөлийг эрдэмтэд шаманизм хэмээн нэрлэж зуршжээ, Бөө мөргөл эдүгээ хүртэл уламжлагдсан орны нэг бол Монгол улс бөлгөө. Энэ нь Монголчуудын нүүдлийн соёл иргэншилтэй ихээхэн холбоотой байна. Монгол бөө мөргөл нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Бөө болох, онгод босгох, бөөлөх, онгод орох гэх мэт нарийн зан үйл, хатуу дэг ёстой. Монгол бөө мөргөлийн хамгийн гол онцлог мөн чанар нь сүнс онгодтой харьцах зан үйл, үзэл сэтгэлгээнд оршино.
Бөө мөргөл бол Монголын уламжлалт шүтлэг бишрэлийн зөвхөн нэгэн хэлбэр, төрөл зүйл нь байлаа. Монголд бөө мөргөлөөс гадна шүтлэг бишрэлийн бие даасан олон хэлбэрүүд зэрэгцэн оршиж байдаг. Бөө мөргөл нь зарим нэг газар орон, тодорхой ястан угсаатны дунд уламжлагдаж ирсэн бол нийт Монгол даяар бөө удганаас төдийлөн хамааралгүй хүний үзэл ухамсарт нэвт шингэсэн, ардын зан үйлтэй нягт холбоотой шүтлэг бишрэлийн хэлбэр хөгжин цэцэглэж иржээ. Тухайлбал: Овоо тахилга, удган модны шүтлэг гэх мэг. Монголын нутагт эртнээс нааш Бурхан халдун уул, Богд хаан уул. Отгон тэнгэр уул, Алтай уул, Алтан овоо, Үхэрчин овоо гэх зэрэг тахилага шүтээнт алдарт уул овоонууд байж нутгийн иргэд юу юунаас илүү сүсэглэн биширч, аливаа бүхнээ даатган залбирч, шашны зан үйлийг ардын зан үйлтэй хослуулан гүйцэтгэж байсан нь шашны ухамсар, сэтгэлгээний зохих хөгжлийн түвшинд хүрч чаджээ.
Түүнээс гадна Монголчуудын шашны сэтгэлгээнд фетишизм, магия,тотемизм, анимизм, бэлэг шүтлэг, өвөг дээдсийн шүтлэг, байгалийн шүтлэг, газар усны шүтлэг, тэнгэр эрхэсийн шүтлэг зэрэг шүтлэг бишрэлийн олон хэлбэр зэрэгцэн хөгжиж ирснийг тэмдэглэн хэлэх учиртай. Эдгээр шүтлэг бишрэл нь байгаль, цаг агаар, газар зүйн нөхцөл байдалтайгаа нөхцөлдөн нутаг нуг, овог аймгаараа өөр өөрийн өвөрмөц онцлогтой, бие даасан шүтлэг бишрэлийн төрөл зүйлүүдийг бий болгожээ. Жишээлвэл: Дарьгангад нуур ус, ой тайга цөөтөй хангай газар учраас тус нутагт Алтан овоо сүлд шүтээн нь болж овоо тахилга зонхилно. Харин Сэлэнгэд модны шүтлэг давамгайлж Удган модыг дээдийн шүтээн болгоно. Завханчууд мэдээж өвөл зунгүй цасан малгайтай, Фүжий уулаас дутахгүй сүрлэг сайхан, халзан бүргэд мэт идэрхэг Отгон тэнгэр ууланд сүсэглэн бишрэх нь ойлгомжтой. Тэгвэл ой тайгаа, уул ус хослосон дархад нутаг нь ид шид, гайхамшигт зүйл, үлгэр домгийн орон байж, бөө мөргөл сонгодог утгаар хөгжсөн орон болжээ. Гурван голын уугуул нутагт онон, хэрлэн, туул гурвыг “ээж” хэмээн гүн хүндэтгэл үзүүлж усны шүтлэг энэ ард түмний дотор чухал байрыг эзэлсээр ирвэй.
Шашны сэтгэлгээ ямхад хөгжин хувьсаж ирсэн түүхтэй бөлгөө. Тэр мэт хамаг Монголын хэмжээнд шашны ухамсар тасралтгүй дэвшил гарсаар XII зуун болоход үндэсний шашин төлөвшин бүрэлдэх хандлагатай болжээ. Тэр нь Монголчуудын шашны сэтгэлгээнд гарсан хоёр ишт үзэл буюу дуализм билээ.
Энэ дуализм хэмээх сэтгэлгээ аливаа улс үндэстэнд байсаар ирвэй. Тухайлбал: Хар аман ярианд эцэг эх, шашинд тэнгэр газар, философид ухамсар матери, арга билиг гэх хоёр үүтгэлийг авч хэлэлцдэг авай. Харин Монголчуудын хувьд XII зууны эхэн үед тэнгэр газрын хоёр язгуурт үзэл төгс боловсрогдож ардын ахуй амьдарлаас төрийн үзэл номлолд хүртэл гүнзгий нэвтэрсэн байлаа. МНТ-д тэнгэр газрын тухай үргэлж дурдагдаж "эцэг тэнгэрийн ач, эх газрын ивээл", "тэнгэр газар хоёр эедэж Тэмүүжинг хаан болгох", "тэнгэр газрын заяаны цаг" хэмээн утга гүнзгий илэрхийлж байсан нь Монголчуудын шашин-философи сэтгэлгээ хөгжлийн тодорхой төвшинд хүрсэныг харуулж буй явдал болой. Монголчуудын эцэг тэнгэр, эх газрын шүтлэг нь цэвэр байгалын шүтлэг бишрэлд багтах бөгөөд "байгаль бол бурхан, бурхан бол байгаль " гэх пантеист сэтгэлгээ болох нь судалгаагаар нотлогдож амой.
Тэнгэр шүтлэг бол аливаа улс үндэстэнд түгээмэл оршсоор иржээ. Герк, Ром, Хятад, Энэтхэгийн шашинд эрт үедээ тэнгэр шүтлэг зонхилж байв. Энэ мэт тэнгэр шүтлэг хөгжсөн орны нэг бол Монгол болой. Монголчууд XIII зууны эхэн хүртэл тэнгэрийг хамгийн дээд бурхан болгон шүтэж байлаа. /Supreme God- zhi gao sheng. Yu huang da di he shang di: хамгийн дээд бурхан бол бусад бурхадын оройн дээд хэмээх утгыг илэрхийлнэ/.
Гэтэл Монголчуудын мөнх тэнгэр бол жирийн тэнгэр шүтлэгээс өөр ойлголт болох юм. Тэнгэр газрын чанад орших Мөнх тэнгэрийг Монголчууд ухааран шашны сэтгэлгээнд оруулж ирсэнээр хүн төрөлхтний оюуны соёлд хөгжил дэвшил болсон билээ. Мөнх тэнгэр бол аливаа бүхний эх үндэс, бүхнийг чадагч, бүтээгч, төгс төгөлдөр, цорын ганц бурхан хэмээн дахин шүтэгдэж байлаа. Мөнх тэнгэрийн шашин бий болсон явдал бол XIII зууны түүхэн нөхцөл байдалтай зайлшгүй холбоотой бөлгөө. Улс үндэстний нэгдэл, дэлхийн байлдан дагуулал нь Монголчууд хийгээд хүн төрөлхтнийг шашны үзэл ухамсарт нэгтгэн зангидаж, цорын ганц мөнх тэнгэр болон түүний хүчийг олсон эзэн Чингисийн номлол сургаал, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх явдал юу юунаас чухал болж байлаа. Тийм ч учраас Чингис хаан Монголын уламжлалт шашинд өөрчлөлт шинэчлэлт хийж Мөнх тэнгэрийн шашныг үүсгэн байгуулжээ. Мөнх тэнгэрийн шашин бол зөвхөн Монгол үндэстний төдийгүй Будда, Христ, Лалын шашинтай эн зэрэгцэхүйц даяан дэлхийн шашин юм.

цааш нь уншиж судлахыг хүсвэл эдгээр холбоос дээр дарна уу!