Сүнсийг хурайлсан Монгол дэлхий


Монголоор аялсан тэмдэглэл
Нэг зүйлийн хурай даллал ой сүнсэнд эргэлдээд л байлаа –– Монгол, тэр бол хайр сэтгэлийн буцалтгүй орших орон, тэр бол танил дасал мөртөө сэтгэлийг татсан нутаг ...2004 оны 7 сарын 26-ны намуухан тунгалаг үдэш би хүүгээ дагуулж эгчтэйгээ гурвуул Монголын галт тэргэнд гарлаа.
Гудмын шаланд гоё хивс дэвссэн бөгөөд таслага бүхэнд дөрвөн хүний хэвтэх ортой, ор дэвсгэр цэвэр цэмцгэр тэр тэрэг оройн 5:30 – аас Эрээнээс гарлаа. Ширхэг өвс ч ургахгүй их говийн дундуур барууншилж байгаа тэр тэрэг сүг сүнсийг минь хурайлан далласан дархан нутгийг чиглэн давхиж тэр зүг ойртон явна гэж бодоход ер сэтгэл догдлоод намхрашгүй ...Замын – Үүдээ, говийн өмнө умрах Монголын судас нэвтэрдэг хаалга, ямар их азгүйдээд хоёр гүрний хилийн дээсэн дээр сундлан зогсоо вэ? Ус ч үгүй, өвс ч үгүй энэ их говьд өмнөш умарш зорчигчдын гардамыг солин зогсохдоо цөллөгт байгаа бодол ордог ч болов уу? Хүний биш өөрийн газар шороо дээрээ өмнө умар хуваагдаж, өөрийн бус бусдын эрхшээлд байгаа хүмүүсийг хараад тэнгэр газраас юу нэгийг асуултай санагдахгүй болов уу?Замын – Үүдэд тэрэг хоёр цаг зогсоно, “За банштай цай байна!” гэж Монгол бүсгүйчүүд сав суулга дүүжилж өөд уруу намуухан дуугарч явна. Зуны амралт байснаас болов уу, арван хэдтэй хүүхэд ч халуун сав сагс дүүжлэн идэж уух зүйл худалдан явна. Тэргэн дээрээс тэднийг харж “Элэг нэгтэн минь ээ ...” гэж бодход хичнээн жил уулзаагүй элгэн садныг харсан шиг нүд зайртана. Гэтэл тэргэн цонхруу идэх уух юм авдаг болов уу гэж амьдарлын төлөө хүсэн харж яваа тэд маань миний энэ сэтгэлийн догдлолыг огт ойлгохгүй ээ.
Тэрэг хөдөллөө. Ногоон өнгө харахсан гэх хүслийн дагуу нэг зүйлийн үл мэдэгдэм аянгуур төрөгдөнө. Говийн ар, миний хайр тэмүүллийн цэг. Гэтэл одоо ногоон давлагаан хаялаж байдаг болов уу? Эсвэл гэж бодхоос эмээнэ. Зэргэлдээ тасалгаанд Өвөр Монголд теннисийн уралдаанд оролцоод буцаж байгаа Монголын арваад хүүхэд байлцана, нэг нь аман хуур хөгжимдөн бүгдээр дуулж байлаа. Би гудманд зогсож байхад хажуугаар гарсан арав хүрээгүй юу гэмээр жаахан хүү намайг хальт шүргээд дороо эргэн хандаж “Уучлаарай!” гэж ёсорхогоор хэлээд юу хэлэхээ бодож олохоос минь өмнө тасалгаанд орчихлоо. Энэ үеэс зээлээр тэрэг унаж настай хүнийг дайрчихаад эргэн хандаж хараагаад явдаг Хятад хүүхэд нүдэнд бүртэлзэх шиг.Нар жаргаж үдшийн бүрий бууж байв. Цонхоор хааяа нэг модон хүрээтэй тоосгон байшин, Монгол гэр, тархан бэлчих цөөн мал сүрэг харагдана. Бэлчээр жаахан ногоон өнгөтэй болж байна. Энэ нь миний түгшүүрт сэтгэлийг намхруулж буй. Аравны саран шингэж гадна харанхуй болов, ор дээрээ хэвтэж, Б.Түмэн-Өлзийн “Хүний нутагт”-ийг уншихад зохиогчийн тэрхүү хүний нутагт үзсэн үйл хал ба миний төрсөн нутагтаа харихаас илүү догдолсон сэтгэл харьцуулагдаж би нойр хулжин байлаа. Шөнө дундын үе Дорнод говь аймгийн төв Сайншандад хүрч тэрэг нилээд зогслоо. Цонхоор харахад өртөөнд наймаа худалдаа жигдэрч харин худалдан авагчид цөөн нь илхэн. Энэгүүр тэнэгүүр сэлгүүцэн тойрч сул ярилцаж байх хүмүүс ч харагдана. Нүд алдам өрмөг ногоон тал зоо, хааяа хэдэн адуу бэлчиж, огтолгуйд бүргэд дүүлж, униар хүдэн хөшиглөсөн тал чигээрээ зураг шиг дэлгэгджээ. Балчир үеийн нутаг минь эрэгдэнэ, тал зоод униар хүдэн татахыг үзээгүй олон ч жил болжээ. Өргөн талд тэрлэг өмссөн хоёр хүн аажуухан явна, хот газар тэрлэг өмсвөл зээл багтамгүй шиг санагддагсан. Одоо энэ тэнгэр газрын их зайд тэр хоёр хүн хэрэв тэрлэг өмсөөгүй юм бол сэтгэгдэшгүй санагдана.Хавтсан хашаатай байшин гэр ч гэсэн, хашаа хороогүй Монгол гэр ч гэсэн, хааяа үүдэнд нь гадаад хийцтэй машин тэрэг зогсож, зэлд морь уяатай харагдана. Энэ бол Монголын хөдөө. Өөрийн уусан ус унасан шороогоо сэтгэлдээ эргэн хархад манарсан элс биш бол үлгэлжилсэн тариа, шавар байшин, муруй сарий явцуу гудамж (манайхан үүнээ Монгол айлын онцлог гэдэг, байгалилаг үзэлттэй Монгол соёлоосоо болж тариачин айл нь ч Хятадыг дууриасан шавар хэрмээ хаашаа босгох гэвэл тийшээ босгож хамгийн наад захын эрх чөлөөгөө эдэлж байгаа ч билүү дээ?) эрэгцүүлэгдэнэ. Галт тэрэгний хоёр талаар өнгийн цэцэг мяралзан дэлгэрнэ, харин ойрын арав хорин жил галт тэргэнд суух бүр зам дагуу шороо малтаад өм цөм ухсан нүх эрэг ганга шиг болох юм уу хог новш зууралдан зутарч нүд хатгамаар байдаг үзэгдэл бодогдоно.Нар дээр мандав, униар хүдэн шингэрч, өвсөн намаанд, цэцгийн дэлбээнд шүүдэр бөмбөгөнөж нарны гэрэл солонгорно. Улаанбаатар ойртлоо, Богд уул хөхрөн униартаж сунан үлгэлжилнэ. Айл мал илт зузаарч ирлээ. Монголын 156.6 түмэн ам дөлвөлжин нутаг дэвсгэр дээр 244 түмэн хүн, харин 33 сая малтай, энэ нь надад Өвөр монгол дахь өөр нэг тооны харьцлыг бодогдуулсан ч энд би ярихгүй. Тэнд 3\2-ын хүн ам хотод аж төрж ная ерэн түмэн хүн малжин амьдарна гэгч бүр XIII зуундаа амьдарч байна гэсэн үг ...Миний сэтгэгдлээр төв болговол энэ тэрэг бол цаг ба орон зайн тэнхлэг мөн, энэ үргэлжилсэн зургийн орчин дундуур тэр эрх чөлөөт Монгол нийслэл Улаанбаатарт ойртож явна. Туул гол угалзлан урсана, хатан Туулын тунгалаг урсгалыг харахсан, болор тунгалаг уснаан амсахсан гэж өдрийн бодол шөний зүүдэнд эрэгдэж удаан жил болсон, домог үлгэр шиг Туулын урсгал, XIII зуунаас эхтэй, Бурхан халдунаас түүхтэй тэр амь насны давалгаа тэр номин өвсний дундуур тэнгэрийн өнгөөр цэнхэрлэн угалзлан урсана, ногоон талаа эмжих гэвүү? Хөх уулс, хөгжөөнт хотоо холбох гэвүү? Ээ, Туулын цэнхэр урсгал бол мөнх тэнгэрээс Монгол хүнд соёрхсон өлзий зангиа, тэр чигээрээ тал ба уулын дундуур урсан хөдлөх мөнх тэнгэр мөн, тэр өнгө бол Монгол мэнгэний өнгө, агуу соёл уудам сэтгэцийн онгон өнгө!

Уужим дэлгэгдэж байгаа гайхамшигт зургийг эргүү согтуу мэт тэнцүүрэн харж зогсоход, цонхон шилний гадна Улаанбаатрын дүүрэг харагдлаа, хивс дэвссэн мэт зүлгэт талд адуун сүрэг бэлчиж, хавтсан гэр ба Монгол гэр үлгэлжлэн залгалджээ. Өвс нь тийм ногоон, ус нь тийм цэнхэр, адуудын үс торго дурдан шиг гялтганана. Монголын хотын дүүргийг манайхны хот хөдөөний уулзвар гэдэгтэй яаж харьцуулна вэ? Богд уулын толгойд соёмбо ба “Хувьсгалын ялсан 83 жилийн ой мандтугай” гэх цагаанаар бичсэн хуучин Монгол үсэг харагдана. Монгол одоо тэр хувьсгалын цаг үеэсээ аяарлажээ, гэхэд энэхүү том үсэг ой дуртгалын юуг харуулж байх вэ? Бодвол Монголын хувьсгал Монголыг аварч тэдэнд эрх мэдэл тусгаар тогтнолыг олгосон шүү дээ ... 1911 оноос Монгол улс байгуулагдах болтолх арван жилийн хооронд зэрлэг санаатдын хуйвалдлага эл этгээдийн үзэлцээн хөөрхий Монголыг тасралгүй сүрдүүлж байсныг бид мартах болоогүй, хувьсгал байсангүй бол Монголын хувь заяа ч сэтгэгдэшгүй болох нь. Энэ нь юу юу байсангүй бол ямар ямар юм байж чадахгүй гэдэгтэй өсөд өөр ухагдахуун юмсан. Хувьсгал хэдийгээр түүхт үүргээ биелүүлсэн ч эрх мэдэлт Монгол улс түүнийг мартахгүй нь ойлгомжтой.
Хөглийн хөхрөх уулс байгал дэлхийн өнө оршлыг харуулж, эргэлдэн халих бүргэд эрх чөлөөг тоочин, тархан бэлчих мал сүрэг амгалан тайванг үзүүлж, асар тагт, хавтсан байшин ба Монгол гэр холилдон суурьшсан хотын бүтэц байгалилаг тавтай тогтолцоог өгүүлнэ. Энэ бол хорвоод хосгүй Монгол нийслэлийн үг хэл мөн, дэлхий ертөнц зүг хүүрнэж байгаа утга санаа мөн, найз минь, та очвол түүнийг ойлгож дийлнэ үү.
27-ны өдрийн 9 цагт галт тэрэг Улаанбаатарт хүрлээ. Тэрэгнээс буухад жиндүүн амьсгал биеийг ороон дан дээлтэй яваа биднийг царцаамаар санагдаж, Хорчиноос мянган метр өргөгдсөн энэ нутгийн эрмүүн амьсгал биднийг угтан авлаа. Тэргэн өртөөний тайлбай дээр хөлсөн тэрэг архайж байгаа нь Хятад гүрэнтэй бараг шиг. Тэрэгний номерний хажууд бүр соёмботой байдгийг биднийг тосхоор ирсэн Даваа ахаас асуухад “Өөрийн дураар болно, эрхбиш соёмбо зур гэж хэн ч шаардаж байхгүй” гэв. Гэтэл бараг тэрэг бүхэнд бүр зураастайг бодход улсын туг дээрх энэ тэмдэг нь тэдэнд Монгол улсын буюу Монгол соёлын бэлгэ тэмдэг болж омог бахдлыг нь татаж байгаа нь хичнээн хайрлууштай соёл сэтгэц, хичнээн хүндэтгүүштэй иргэн бэ! Даваа биднийг тээж хадам эхийндээ авчирлаа. Улаанбаатрын эн ерөмдөг нэг айлд бууж тэдний амьдрал ахуйтай орйтоно гэгч сайхан л төдийгүй, бүр сонин. Гэрийн эзэн Шар гуай Өвөр монголд компанийхаа ажилд яваад байжээ. Эзэгтэй Тайвуун гэдэг нэртэй 64 настай, хиймийн инженерээсээ тэтгэвэрт гараад гэрийн аж амьдарлаа төвхнүүлж байгаа. Тэр эгчийн эелдэг зөөлөн овор бидний хоорондох зайг цаг хэрэглээгүйгээр багасгажээ. Бид мэндэлж бараад бага сага бэлгээ дэвшүүллээ. Гэрт Тайвуун эгчийн ач охин 5 настай Оюун ба зээ 14 настай Дөлгөөнтэй телевиз үзэж байжээ. Бид тэр хоёр хүүхдэд чихэр хуваан өгхөд бяцхан Оюун гал тогоонд гүйн орж эмээ ба авга эгч (Дөлгөөний ээж) Гэрэлд нэжээдийг өгөөд эргэн ирж бидэнд нэжээдийг хуваагаад сая өөрөө идлээ. Балчир хөөрхөн Оюуны чихэр түгээснийг үзээд би өөрийн эрхгүй сэтгэл догдолж байлаа, учир нь би өөрөө ингэж торнисон: Би хүүгээ ч ингэж сургасан. Гэхэд Монголын уур соёл Өвөрчүүдийн орчин тойронд хорогдон гээгдэж, ийм нэг энгийн суртлыг ч тэдгээр ганц хоёр хүүхдийн ааш хөдлөлөөс олж харахгүй болжээ. Хөөрхий жаахан Оюун минь, ирээдүйд Монгол хүн, Монголын эрмэлзлийн нэг ...
Тайвуун эгч минь сайхан цайгаа аягаллаа, тэд Орос хэвийн цайгаар чанадаг тул өнгө амт нь манай уудаг цайтай адилгүй. Монголын тухай ядуу зүдүү гэх мэтийн яриаг сонсож л байсан даа. Гэтэл ширээнд өрөөстэй хөөрүүлсэн өрөм, ааруул, жисний ханд, талх, хиам, улаан лооль, өргөст хэмх тэр бүхэн тэдний идээн ундааны чанарлагийг харуулж байна. Цай ууж бармагц эзэгтэй нэг шил “Чингис хаан” архи нээж жижигхэн мөнгөн аяганд дүүргэж, Дөлгөөн хүүд өгөөд “Богдод өргөөрэй” гэхэд тэр хүү цонхыг нээмэгц доош хөнтөрчихлөө. Нагаа эмээ нь уурлаж “Тэгэж өргөдөг юм уу!” гэж хэлсэн ч Өвөр монголын бүсгүйчүүд шиг дуугаа өндөржүүлж загнаагүй. Дахиад бидэнд архи барилаа, эгч минь ам хүрхүйц болоод буцаалаа. Би номоос сурснаараа сэржимлэж “Хөх тэнгэр амгалан болтугай, хөрст дэлхий амгалан болтугай, хүн зон амгалан болтугай!” гээд өөрийн магнайдаа түрхэн “За, баярлалаа” гээд буцаасанд архины ёс тэгээд төгслөө. Гэрэл дүү хонины махан банш гаргалаа, би нөгөө өрөмтэй талхыг ховдоглон идсэнээс тэр баншийг үнэхээр идэж чадаагүй. Хоолны дараа Тайвуун эгч том аягатай айраг авчирч бидэнд уулгалаа. Тийм сэнгэнэм сайхан ундааг хүүхэд насандаа ууж байснаа санахад одоо харин өнгөрч холдсон цаг мөчид буцаж баймаар санагджээ.
Гэрлийн нөхөр Солонгост ажиллаж байна, Гэрэл хүүтэйгээ Америкт очих гэж байгаа. Биднийг тэднийг хонуулахаар тохируулжээ, дөрөвдүгээр давхарт байгаа тэдний гэр тийм уужим биш, гэвч цэвэр цэмцгэр тэр тэгш. Би тэдний хир тоосгүй гал тогооны өрөө ба угаалга цэвэрлэгээний өрөөг харж өөрийнхтэйгээ харьцуулахад бид тэр хэмжээний цэвэр цэмцгэрт хэзээ ч хүрч чадахгүй гэж бодогдов. Юу гэвэл, байгал ахуйн нь эвдэгдээгүй, элс тоос бутардаггүйгээс өрөөнд аяндаа хир тоос бага: Дахивал, хаяа хөсөрт бүр хивс өлгөж дэвсэж байдгаас бидний ердөө оруулах газаргүй байдаг зүлгүүр энэ тэр тэдний угаалгын өрөөнд харагдахгүй: Бас голдуу Европ хоол иддэгээс бидэн шиг тосон тогоо палжигнуулан хуурч хайрдаггүйгээс гал тогоон өрөө яриангүй цэвэр. Гэр бүлийн хөдөлмөрийн хоёр талбай цэвэр болсоор гэрийн бүхий л орчин аяндаа цэвэр болохгүй яахав дээ.
Үдийн хойно Гэрэл биднийг дагуулж Богдын музейгээр тойрлоо. Найман үеийн Жавзандамбын орд болох энэ музей хувьсгалын хөл улаас мэнд гарсан нь юутай аз завшаан. Музейн хүрээнд ургамал бодисыг хайчилж зассан ор мөр гэж байхгүй, харин зүйл бүрийн өвс цэцэг бут мод нар хурыг хүртэж чөлөөтэй ургаж байгаа нь хээр хөдөө шиг санагдана. Энд мөн Монгол соёлын маань байгалилаг шинж, эрх чөлөөт соёл сэтгэц харагдаж байгаа шүү дээ. Боловсорсон мойл сагсайн харалж идэж үзхэд баахан чихэрлэг ч хэл минчүүрүүлэм тэр сэвүүн соргог амтыг би сая амталж байна, уул нь миний нутагт энэ жимс олон байсан гэдэг, одоо ором ч үгүй болжээ. Ордонд 21 дарь эхийн шуумал байна, их Занабазрын бүтээсэн энэ гоо үзэсгэлэнгийн сахиусын галбир төрх сая Монгол бүсгүйчүүдийн дотоод ертөнцийг илрүүлэн тоочиж чадна: Богдын заларч агсан баавгайн арьсан олбогтой исари, ирвэсийн арьсан бүрээстэй Монгол гэр шинэхэн хэвээр байна: Энх амгалангаас Богдод шагнасан толь шилийн зурагтай исари нь гутаал доромжлолын түүхийг тоочино. Арван найман настай охины дунд чөмгөн ясаар хийсэн ганлиг бүрээ Түвдийн шашин Монголд хэр их түрж орж байсан, Монгол соёлыг хүчтэй нөлөөлснийг харуулж байна, тэр нь ноомой шударга Монгол охины биеэс авсан биш болов уу? Шарын шашин Монгол хүнийг ноомой дорой болголоо гэхэд зарим талаар бас яагаад тийм хардуун болгосон билээ? Энэ нь Монгол соёлын уг чанар болох эрмүүн омголонтой нэг явдал биш.
Богдын музейгээс гараад Богд ууланд гарах боллоо. Тэр бол дархан цаазат уул, гэхэд манайханы байгал хамгаалалтын орон гэдэгтэй өсөд өөр. Монгол оронд Богд уул нэг биш, уулаа Богд гэж дээдэлдэг Монгол хүн ба байгал дэлхий л сая жинхэнэ эх үрийн харьцаагаар мянга мянган жил шүтэлцэн оршиж иржээ, хүний нинжин сэтгэлийн цааз нь төрийн цаазаас илүү их хүчтэй. Болор тунгалаг Туулын уснаас битүүлэн ундалхад хичнээн он сарын хүсэл ханаж бие хөнгөрч байлаа. Унаж босом ас босоо хад асга харагдаагүй тавиухан ихэмсэг сүглийсэн Богд уул Монгол хүний зан араншинтай юутай адилхан. Уул өөд харахад тэр хивс мэт хөвсгөр зөөлөн навчин дэвсгэр дээгүүр би хөл нүцгэн явлаа. Түм мянганы түүх нэвчсэн навчин дэвсэрийн цаанаас Монгол нутгийн хайр илч биед минь мэдрэгднэ ...
Үүлсийн шувталсан харгай уулыг бүрхэн их балар ой хязгааргүй үргэлжилнэ. Ойд зүйлийн ургамал ягцуурч, гүзээлзгэнэ мэтийн жимс энд тэнд улалзана. Хангай дэлхий Монгол хүнд хүртээл олгомжийг харамлаагүй. Өвөр монголын олон уурхай баялагийг харахүй юу? Харин хамгаалж чадав уу үгүй юу гэдэг бол өөр явдал! Даваа амьд бодисын мастер хүн, олон юм мэднэ, Монгол нутгийнхаа ургамлыг алдалгүй танина. Гүзээлзгэнэ түүх цаг өнгөрчээ. Гэвч олдсон жимсээ амталхад үнэр амт гэж зүйрлэшгүй. Харин Өвөр монголд худалддаг хиймийн бордоогоор ургуулж тэнэг түүхий юм шиг болгосон том том гүзээлзгэний амттай бүр ч адилгүй. Зарим тэвэр багтамгүй бүдүүн модны намаанд цэнхэр хадаг зангидаастай, Монгол хүн хангай дэлхийнхээ өвсөнд ч сахиустай гэж үздэг, энэ бол хайр, Монгол хүний эх дэлхийдээ өргөж байгаа үнэлэшгүй эрхэм хайр! Би нэг бүдүүн модны өмнө зогсож тэр ногоон ам настай сүг сүнсээрээ ярилцлаа:
“Та энд хэдэн оны салхи шуургыг туулав даа?”
“Би нэгэнт мянган оны нар хурыг хүртэн амьдарлаа, хөөрхий”
“Монгол хүний түүхийг та бүр цээжилсээр үү?”
“XIII зууны утаа тоос ургах нарны гэрлийг би бүр бие цогцынхоо ширхэг болгондоо сийлэн хадгалсан юм”
“Монгол хүн хэзээ болтол оршиж байдаг бол?”
Тэр жаахан ундууцсан аястай:
“Энийг өөрөөсөө асуу!” … Хүү минь намайг дуудлаа, би зүүднээс сэрсэн мэт ийш тийш хархад ас шулуун эгц босоо харгай тэнгэр газрыг холбон, Монгол хүн мэт, Монгол үсэг адил! Эдгээр моддын аль нь ч аав ээжээс минь ахмад, гэхэд асралын тэнгэр аав ээж минь нэгэнт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ, харин эдгээр модод цэл залуу хэвээр. Хүн гэж, нэг модыг ч хүрэхгүй атал яах гээд байгал дэлхийгээ эвдээд байдаг бэ? Мөн энэхүү хоромхон зуур ч эрх ашиг булаалдан сэг дээр цугларсан золбин нохой шиг загнах юм … Монгол соёлыг хамгаална гэдэг байгал дэлхийг хамгаална гэсэн үг, үр хойчсийнхоо амьдран орших эрхийг хамгаална гэсэн үг! Эдгээр моддын мөнх ногоон сүүдэр доор би амь насны оршил ба түүний үнэ цэнийн тухай сэтгэхгүй байж чадахгүй. Бурхан багш асууруун: “Нэг дусал усыг яаж өнө оршуулах вэ?” олон шавь нь зүйл зүйлээр хариулсан ч тохитой арга олоогүй. Бурхан багш “Түүнийг далайд хийгээрэй” гэсэн гэнэ … Утсан ширхэг мэт амь нас минь, өргөн далай шиг Монгол соёл минь!
“Ээжээ, энэ чинь Хэрэйд аймгийн Ван ханы нутаглаж байсан нутаг байх?”, үнэхээр тийм байх шүү, “Монголын нууц товчоон”-нд “Хэрэйд аймаг Туулын хөвөө Хар модон ойд нутаглаж байна” гэж тэмдэглэж байна, одоо Монголын хүмүүс харгайг бас хар мод гэж нэрэлсээр.
Үдшийн бүрий унаж байхад бид Тайвуун эгчийнд харьлаа …
28-ны өдөр Гэрэл дүү биднийг дагуулж гандан хийдэд очлоо. Бичгийн гэрийн саравчин дахь болжмор нь ч “Буюу буюу” гэж дуугарна гэлүү? Сүсэгтдын өргөл барьц сүм ламаа тэжээхэд хөөрхий сүрэг тагтаа ч хийдийн өмнөх талбайд хүмүүсийн алганаас атга чимх будаа идэж жаргалтайхан аж төрнө: “Будаа ав, ав” гэж хэдэн хөгшин намуухан дуугарч тагтаан идэш худалдана. Энд нийгэм, шашин, байгал бас нэг гинжлэг хэлхээс болж өглөг буян үнэн хайрыг уусгана.
Монгол түмний сүсэг шүтлэгийг сэжимлэсэн ганданы их дуганд сая ортол хойноос шар тэрлэгт тарган лам “Хүүе, хө, и чиан тү!” гэж нэг наалттай бичгийг заана. Монголын хүмүүсээсээ мөнгө хураахгүй агаад биднийг “Өвөрлөгч” гээд таньчихаад тэгэж байна. “Яах гээд Хятадаар ярьдаг вэ? Бүр Монгол хүн байтал мянган төгрөг гэчихэж болдоггүй юм уу?” гэхэд мэхийсхийгээд “За, уучлаарай!” гээд “И чиан тү”-гээ авлаа. Дуганд Бээжингийн Юүн хэ гүнд хардаг бурхан шиг 80 тохой өндөр Жанрайсиг бурхан дуганы дээврийг баганадаж зогсоно. Бид өргөл мөргөлөө хийж Гэрэл дүүгийн сануулгаар гүрэм ном захиаллаа. Өндөр настай хадам эхдээ бас нэг уншлага ном захиалж уншуулан эрүүл мэндийг нь даатгалаа. Насан туршид бурхан шашныг шүтэж явсан настан маань энэ арилсан оронд олж ирэхгүй.
Их ганднаас гараад Сүхбаатарын талбайнд хүрлээ, өргөн уудам цэвэр тэгшхэн талбайн дунд Сүхбаатарын шуумал хөрөг хийморь сэргэм сөхийж, талбайн баруунд их хурлын танхим ихэмсэг тавиун саатна. Их хурлын танхимийн үүдэнд Сүхбаатарын онгон оршуулаастай. Энэ нь Зөвлөлтийг дууриасан нь илт, гэтэл Сталины хүүрийг хэдийнээ Улаан талбайгээс нүүлгэжээ, харин Монголчууд өөрт нь эрх чөлөө олгож өгсөн баатраа дээдлэн хүндэтгэсэн хэвээр. Энэ бол Монгол хүний зан чанар! Сүхбаатар бол үндэстний баатар, тэр өнөд балрашгүй, түүний удирдлага доор хал хатуу бүхнийг туулж олсон эрх чөлөө бол өнө мөнх юм. Гэтэл зарим улс тийм биш, түүхийн сонголт бүхэнд буруу замаар будаа тээдгээс тэнд “Өнө мөнх” гэдэг байхгүй, үндсэн хууль нь ч улс төрийн хөдөлгөөнийг дагалдан өөрчлөгддөг юм чинь. Харин Монгол бол одоох нийгмийн зөв замд гишгэсэн нь юутай их аз завшаан! Яг Монголын зохиолч З.Дорж гуайн хэлсэнчлэн “Эр хүн зөв замдаа гишгэхлээр атан тэмээ ачаа тэгнээ таарсантай адил, эндэнэ гэж хэлэхгүй ажээ”. Энд би үнэн голоосоо Монголын өмнөөс баярлаж, Монголын төлөө даатганам!
Үдийн хойно нь бид Тайвуун эгчийн хүү Алтангэрлийн тэргэнд сууж Тэрэлжийн амралтын газрыг чиглэлээ. Замд Алтангэрлийн хүү дөрвөн настай Барсболд ааваа гуйж гоншигоносоор байж тэргэн залуур барилаа. Би “Барс гуай, та чинь Мандухай сэцэний хүү шүү дээ, дөрвөн настай тэрэг барилаа, дөчин настай төр барина шүү дээ, за юу!” гэв. Хүүхэд төр барина гэгчийг юуг мэдэхгүй, тэрэг олж барисандаа хөөрч явна, харин Тайвуун эгч ба түүний худгай Ишмаа эгч жич Алтангэрэл нар зам турш их хурлын сонгуулийн тухай хөгжөөнтэй ярилцаж явна. Эрээлэлгүй яривал, Барсболд “Төр барина” гэдгийг ойлгохгүйтэй адил би ч Тайвуун эгч тэдний ярилцан маргаж байх агуулгыг ойлгохгүй, учир нь миний амь насанд тийм эрх мэдэл байгаагүй, хэдийгээр хүсдэг ч хааш л танил дасал бус санагдана. Харин Монголын хүн ард өөртөө төр барьж байгаа нь баярлууштай. Тэргэн цонхоор гадагш бараалахад уул тал нэлийн цэлгэрч байвч өвдөг шүүрэм өвс бэлчээр харагдахгүй. Уур амьсгал, хур тундасаас болж нутаг бэлчээр нилээд тачир шиг санагдана. Харин хөндөж эвдээгүйгээс л номин ногооноороо байгаа. Хэрэв Хорчины талыг ингэж байгалилагаар нь байлгаж байсан бол өвс ногоо дөрөө шүүрэм ургана. Тийм тансаг бэлчээр нутгийг элс болгон цайруулсан анжисан хошуу Монголын эмзэг дархан хөрсийг хөндсөөр Азийн элгэн дэх энэ хэсэг номин хас оргүй арилан шар элс хар шуурга хүн төрөлхтний оршин амьдрах энэ ганц бөмбөрцгийг ховх залгиж мэднэ. Байгал дэлхийг уулгалхаар үржиж л байгаа хүмүүст мөнх тэнгэрийн хатуу шийтгэл ирэх болтугай!
Явах тутам уул хад сонин гайхамшиг болж, гоё үзэмжийг сонирхож амжихгүй ... Хөх тэнгэр цагаан үүлсийг ажиж, хөхөмдөг тал уул хадаа тээж, шувууд дуулан дэвтэрч, адууд чимээгүй идээшилнэ: Довцог бүхэнд овоотой, цэнхэр хадаг эртний туг шиг намилзана: Талд Монгол гэртэй, сүүтэй цайн анхилмалтай утаа өлзий хээ шиг цуврана. Замын ханжуу дахь овооны дэргэд тэргээ зогсоож бид овоогоо нар зөв гурав эргэж чулуу нэмлээ. Тайвуун эгч Монгол төгрөгөө чулуугаар дарж тавилаа. Монгол хүн, чулуутай чухам ямар барилдлагатай билээ? Овоон чулуунаас болж уул өндөрждөг гэж Монгол хүн овооны хажуугаар өнгөрөхдөө заавал чулуу нэмдэг. Байгалиа дээдэлдэг Монгол хүн овоондоо хүслээ өргөж, чулуугаар хайраа бэлгэддэг, түүнд яриангүй амь насны ухамж агуулагдна, хүн зуу хүрэхгүй, чулууд харин мянга мянганд мөнхөрнө. Дайнд мордох жанжин нутгийн чулуугаа өвөрлөж явдаг: Уулс чулуугаа үгүйлдэг гэж энгийн байдалд хүний нутгийн чулууг хөнддөггүй: Монгол хүн нас барахыг “Ханын гэрээсээ салж хадан гэртээ харина” гэдэг: Хүүхдийн хүйсийг чулуугаар дарж эх байгалд нь тушаадаг: Нөгчисний дараа чулуу дэрлэн эх байгалдаа буцдаг ... Монголын хүн төрөхөөсөө үхтэл чулуутай салшгүй барилдлагатай ажээ. Билиг хааны (зарим ном бичигт Билгээ хаан гэж тэмдэглэж буй) хөшөө, Гашин агуйн ханан сийлмэл, Аржайн агуйн ханын зураг, Цогт тайжийн хадны бичиг жич Алшаа ууланд илэрсэн аяндаа бүтсэн “Алшаа” үсэгтэй хад, Авга хошуунд байгаа Богд уулын эзэн Чингисийн ихэмсэг амарлангүй дүр ... Хүү минь – Сургуульд явахдаа элгэндээ зүүж явсан гурван хэсэг чулуу өнчрөн ганцаардахад нутгийнх нь ээлийг хүртээж, зүдрэн цөхөрхөд эрч хүчийг олгож, шаналан зовход тайтгарал өгч чадна. Хүүгийн минь хайр сэтгэл түүнээр дамжин Хорчины элстэйгээ холболдно ... Монголын өндөрлөгийн чулууд, болор чулуу шиг гялгар тунгалаг биш, гантиг чулуу шиг хас цагаан биш гэтэл түүний борогжуун, хатуу, хүндхэн чанар нь Монгол хүн шиг, Монгол хүний нутагтаа өргөсөн хайр шиг.
Овооны доор Туулын цэнхэр урсгал угалзлан харагдана, Туулын саванд олон амралтын газар ба зугаацлын газар байж, улаан ногоон оройтой модон байшин, танан цагаан Монгол гэрүүд ярайж, үхэр хонь тавтай идээшилж, адууд яг домгийн хүлэг шиг сүртэй. Бид Нарлаг гэдэг амралтын газрын хүүхдийн зусланд хүрлээ, Мэлхий хадны ард хүүхдийн амралтын газар замын хоёр талд байршиж, замын зүүнд ажилчдын байр жигдэрч, замын баруун талд хүүхдийн идэж хонох наадах газар байдаг. Буй бүхий барилга бүр модон хөлтэй байж, гэрийнх нь доогуур ногоон өвс ургажээ. Монгол хүн шороо зарахдаа хөрстэй хэсгийн нь шилжүүлэн доорх шороог авч дахин хөрсийг нь сэргээж тавина гэх тэмдэглэлийг үзэж өнгөрсөн, би Алтангэрэл дүүгээс асуухад одоо ч ингэдэг гэнэ. Багын үеийн Хорчин нутгаа саналаа, арван хоёр шүдтэй төмөр малтуураар өвсийг үндэстэй нь малтаж, малтуур дагаж шар элс бутарч, хүн оршиход хэцүү болж байгааг бодож харамснам.
Зуны амралтанд байснаас хүүхэд тун олон. Үнэндээ арван жилийн хугацааны хүүхдийн амралтын газар гэнэ, дээд дундын хүүхэд ч нилээд харагдах нь амралтын газрынхан орлогоо бодсоноос чанга хянаж байхгүй ч болов уу. Эдний амрат дундад бага сургулийн зуслантай адилавтар ч багш дагадаггүй, байцаан шинжих юмуу бартаа туулах мэтийн дасгал байхгүй. Амрах юм чинь ёстой амарна, наадна ... Тэд бөмбөг наадаж байна, тав гурваараа бөөгнөрч сул ярилцаж, бас гүйж харайн наргилдаж л байна ... Харин ном шагайж суугаа хүүхэд харагдаагүй нь харамсалтай санагдахаар “Амарч байгаа юм чинь” гэх бодлоор тэднийг өмгөөлж байлаа. Өмнөд монголын хүүхэд даанч хөөрхий, ээлжлэх дөрвөн улиралд тэд суралцаж л байдаг. Дараасыг хөнгөлнө гэх уриа доор дараас нэмж байгаа байдал хаа байхгүй вэ? Амралтын газар тоглолтын тайзтай, орой бол хүүхэд өөртөө гарч тоглолт гаргадаг. Бид хүүхдийн байраас дэмий хол биш нэг Монгол гэрт буужээ. Энэ нь Өмнөд монголын зугаацлын оронд дандаа байдаг цемент хэрэмтэй гэр, гэвч унь, бүрээс, өрх зэрэг нь жинхэнэ Монгол гэртэй адилхан. Гэрт уужим бөгөөд цэвэр тэгшхэн, дөрвөн унтах орыг дугариглаг тавьж, хөсөр хивс дэвсэн, шал нь хир тоосгүй. Дунд нь цагаан төмрөөр хийсэн дөрвөлжин хэлбэртэй том зуухтай. Ор дэвсгэр цэвэр цэмцгэр, бас жижиг хорго, цайны ширээ, эргэнэг мэтэс байна.
Шөнө маш хүйтэн, хучилгыг нь нөмөрсөн ч даараад дахин дахин босож гал түлж байлаа. Шөнийн гүн болсоор Хүүхэн хад харагдана шүү гэж Алтангэрэл дүү маань хаанаас олж хардагийг хэлж өгөөд явлаа. Би Хүүхэн хадыг харах гэж бие дулаацсан ч нойр хүрэхгүй орж гарч л хүлээсэн. Хүүхэд үнэхээр амралтанд байгаа шинжтэй, шөнө дөл өнгөртөл түжигнэнэ. Тэднийг намжуун болгосны дараа нөмгөн дээлтэй би мөн Алтангэрлийн заасан газар очлоо. Өндөр багана дээрх дэн нь шөнөжин гэрэлтдэгээрээ. Холоос том гар цахилгаан барьсан хүн “Юун хүн бэ?” гэсээр ойртож “Хүүхдийн зусланд дураараа орж ирж болохгүй. Тэгээд та зүлгийг гишгэчихлээ” гээд дургүйцсэн байртай ярьлаа. Би Хүүхэн хадыг олж үзээгүй сэтгэл гонсойж байртаа харьсан ч унтаж чадаагүй, баахан хэвтээд дахин гарлаа. Байгал дэлхийгээс заяагдсан хурмастын дагина тэр энхрий хонгор хүүхнийг би олж харах азтай байжээ. Толгойгоо зүүнш хандуулан тангайн хэвтсэн гоё хөөрхөн залуу хүүхний өвч бие илэрлээ. Дээш матирсан урт сормуустай, эртийсэн гоё хамартай, магнай, хэрээ хацар, эрүү, нарийхан хүзүү, гүдийсэн цээж, сул тавьсан урт гэзэг зэрэг нь зураг ч шиг, зүүд ч шиг, шөнийн хязгааргүй нууцгай амьсгал дунд тайвуухан хэвтэнэ. Энэ гайхамшиг гоё сахиус яагаад шөнийн гүнд хэвтэж амраа дүрээрээ хорвоо дэлхийтэй золгодог вэ? Харин цэвэр ичимтгий тэр дагина өдрийн наранд, шөнийн харанхуйд ч гээд хэнтэй ч учирахаас ширвэгддэг тул, гоо сайханыг хөөцөлддөг хүмүүс л сая түүний ертөнцөөс тасархай галбир төрхийг хар бүрийгээр сонирхон хардаг ч болов уу.
Үүр цайлаа, бид гарлаа. Үүл униарт ороогдсон нэг толгойн хормойгоос үргэлжилсэн цэцэгт тал нөгөө нэг униар хүдэн нөмөрсөн уулын хормойтой залгалдна. Тэнгэр газрын хооронд торгомсог хөнгөн цайвар шаа хөшиглөж, аливаа бүхэн бүрэг бараг. Бид өвсний дундуур, цэцгийн дундуур, болор тунгалаг шүүдрийн дундуур, Монголын өндөрлөгийн ногоон амийн ирэлтийн дундуур явж байна. Хорчины талынхаа соргог өвсөнд тугал хариулж, шүүдэр бутарган гүйн харайж өссөн би өмдөн шуумгаа шүүдэрт норгож үзээгүй хичнээн жил болсноо бодож олохгүй болжээ. Одоо шаахай оймс, шуумаг бүр дэвтэж жин дааж байсан ч сэтгэлд дулаахан байлаа. Учир нь удаан жил хорвойн харангассан сэтгэл маань энэхүү гэрэл шингэсэн амь амьдралын рашаанд уясаж буй. Өнөөдөр бол 7 сарын 29, дорнод уулан толгойгоос харван ирсэн алтан цацраг амтат нойроос сая сэрсэн номин толгод цэцэгт талыг илбэн таалж байна. Навчис бүхэнд шүүдэр бөмбөгнөж, цэцэгс бүхэн нарны долоон өнгийн цацрагийг үмхэн инээмсэглэнэ ... Амралтын газрын ар талын хадад яг аян дайнд яваа баатарчууд шиг, нөмрөг цув хийсгэн, зарим нь махир сэлэм агсан, зарим нь морь, зарим нь тэмээ унасан байдалтай, алтан шаргал туяанд хучигдаж тэнгэр нар дээр байгаа ч гэмээр ... “Та нар битгий хүүхэн хадан дээр гараарай, догшин шүү” гэж гарч ирэх үед Тайвуун эгч захисан. Өдөр нарны доор ямар байдаг бол гээд хархад өндөр уулс, эгц босоо хадад давхарлан униар хүдэн дунд тэр дагины дүр ор мөр ч үгүй. Нэг бодвол олон хаддын давхарласан бараа шөнийн харанхуйд нэг цогц болж тэгэж харагдаж байх ч болов уу гэх бодолдоо би харамсав. Тэр хорвоод хосгүй төгс гоо цогцыг би ингэж бодох нь гоо сайханыг гутааж байгаа ч болов уу. Сонирхол таашаалд шинжлэх ухаан хэрэггүй нь ээжээ санахад шалтаг хэрэггүйтэй адилхан!
Нэг хадан дээр гартал зэргэлдээ зуслангийн цагаан элэгтэй хар нохой биднийг чиглэн ирлээ. Бид яадаг ч бол гэж хичээж байтал ойртон ирж биднийг шинжин зогслоо. Харцанд нь дайсагнасан байдал харагдахгүй бөгөөд найсаг дулаан харц илрэнэ билээ. Бид хаа явбал тэр ч хаа дагасаар бид амсхийн суухад харин хажууд ирээд хэвтчихэв. Толгойг нь илбэхэд эрхлэнхэн сүүл шарвах юм, ээ, Монгол орон минь нохой нь хүртэл ийм л найрсаг.
Уул бүрхсэн харгай тэнгэрт тэмүүлэн, доор нь өвс ногоо цэцэг өнгө булаалдан дэлгэрсэн уулан хормойд амсхийн суухад холын уулс мөн шингэн униарт бүрхэгдэн, уулан жалга сужгаар танан цагаан Монгол гэр, улаан ягаан цэнхэр ногоон модон байшин илрэн далдран, домгийн орчин шиг. Хүүгийнхээ “Ээжээ, хараач” гэх дуугаар ажиход хажууханд Монгол гэрийн суурь шиг дув дугариг мөөгөн хүрээ байжээ. Том том махлаг зузаан цагаан мөөг эгнэн гортигоор зурсан шиг өөгүй тойрог геометрийн дүрс гаргаж ургана. Мөнх тэнгэр минь, энэ чинь эцэг тэнгэрийн санаа юм уу, эх газрын бодол юм уу? Энэ нь ямар нэгэн дохио тэмдэг ч юм уу? Энэ чинь эх байгалийн үг хэл биш гэж үү? Энэ хорвоод Монгол хүн л сая энэхүү нууц дохиог ойлгоно. Тийм ээ, Монгол хүн эх байгалийнхаа үг хэл дохио тэмдэг бүхнийг сайн мэддэгээс л сая хангай дэлхийтэйгээ шүтэлцэн оршиж мянга мянганыг туулж ирсэн. Би бодолдоо живж атал эгч маань:
“Сонсохлоор, бугын сүрэг амрахдаа дугариглан хэвтдэг, тэгээд унагаасан хорголоос мөөг цагариглан ургадаг гэнэ” гэлээ. Ээ, цадтал идээшилсэн өег тарган буган сүрэг соргог өвст уулан хормой хярд буудаллаж гоо чихээ соотогнуулан, гэнэн харцат том нүдээ тормолзуулж, цагаан хээтэй улаан торгон дээлээ гялалзуулан айлсан үерхэж байгаа байгал дэлхийн өгөөмөр үзэмж сэтгэлд бууна ... Мөнх тэнгэр Монгол хүнд хичнээн баялаг гайхамшиг уул усыг хүртээж, Монгол хүн эх байгалийнхаа мөнх ногоон амь насыг хамгаалж үе улиран аж төрж ирсэн ажээ.
Өнжөөл хожуул хаа ч бүр байна. Бид баахан хуурай гишүү өнжөөл түүж бууцандаа ирхэд Тайвуун эгч маань цайгаа чаначихаад биднийг хүлээж байжээ. Цайны дараа бид дахин гарлаа. Амралт дахь хүүхэд уван цуван цугларч хөл болж байгаа нь бие байцаах гэж байна гэнэ. Өмнө өдөр нь Улаанбаатраас нэг шар өвчинтэй (манайхаар түргэн чанартэй элгэн үрэвсэл гэдэг) хүүхэд эмнэлгээс сэмээр гарч сургуулийн хүүхдийг дагаад энд ирчихсэн гэнэ. Тэгээд л хойноос нь хижигийг сэргийлэхийнхэн багаж тоногоо тээгээд хүрч ирдэг байна, амралтанд байгаа бүх хүүхдэд биеийн байцаалт хийх юм гэнэ.
Бид Нарлагаас зүүн хойш гархад дүрслэн зураглаж дийлэшгүй гайхамшигт үзэмж тал талаас дэлгэгднэ. Хуаншан ууланд үзсэн “Нисэж ирсэн чулуу”-тай адилхан чулуу ч харагдна. Хадад хорвоогийн түүхийг тоочино. Зарим нь хурмаст тэнгэр хичээмжгүй алдаад унагаачихав уу гэмээр унаж ирээд арай тогтож байгаа шиг, зарим нь тас бүргэд дэвэн ирж суугаад жигүүрээ бүрэн хумиж амжаагүй шиг, зарим нь чигчүүхэй жиргэн суугаа шиг, зарим нь ямар нэгэн аварга амьтан уул даван мөлхөн гарч ирж байгаа шиг, зарим нь хадан биеэсээ хагцран унаж тусмаар байгаа хэрэм хана шиг, зарим нь эгнүүлэн тавьсан бамбай юмуу замба шиг, бас нэг хад нь яг хүмүүсийн зүг хандан суугаа бурхан багш шиг ...
Ээ, мөнх тэнгэр минь! Хар модон ой явцуурч “Монголын нууц товчоон”-нд бичигдсэн “Цатгалан могой шургах аргагүй” гэдэг шиг боллоо. Ойд бут мод ба өвс цэцэг ширэлдэн хөлийг тушиж, соргог ногоон өвсөнд цэнхэр, бол, хундан, шар, цагаан хээрийн цэцэг цаг орноос хүртсэн амь амьдрал ба гэрэл сүүдрээс хүртсэн гоо үзэсгэлэнг тоочин тайлбарлана.
Үдийн наран голлож маш халуун агсан ч үе үе сэрчигнэх зөөлөн салхи хөгжмийн аястай санагдана. Бид нэг хөтөл дээр амсхийн суухад хажууханд сүрэг үхэр нэлийтэл хэвтэж үдэлж байлаа. Мах тарга сайтай өег цатгалан тэдний амгалан тайван байдлыг харсаар эгч минь “Ирэх төрөлд Монголд хүн болж төрж дийлэхгүй бол ядаж мал болоод төрчихье” гэв. Би цочисхийв. Сургууль соёлын мөр олж хөөгөөгүй эгчийн минь амнаас гармааргүй үг, энэ үгэнд хичнээн их зовлон зүдгүүр амссан түүхийн шимшрэл, хичнээн их төвөгдөж гачигдаж байгаа одоох амьдарлын аргагүйдэл жич заяа тавилангийн тухай гомдол гутрал агуулагдаж байгаа ...
Тунгалаг цэвэр агаар амьсгал дунд царай нүүрний арьс хөрс ч зөөлөрч нялхарч баймаар. Зэрэглээн тоголсон уул хормойгоор хэдэн Монгол гэр цайлзаж, хажуугийн модонд эмээлт морь уяатай, үүдэнд нь жижиг машин зогсоолтой, ханаа шуусан тэр хэдэн айлын бүрээс нь барагдчихсан Монгол гэр ч чандган цагаан. Тэнд айраг хөөсөрч найраг эгшиглэгдэж байгаа байх. Шувууны жиргээнээс өөр анир алга нам жим амгалан тайван тэр орчинд харин Монголын дуучин Ариунаагийн дуулсан “Талын Монгол айл”-ын эгшиг цуурайтах шиг, мөн тэр хэдэн Монгол гэрийн шуугдсан ханын нүдээр тэр дууны аялгуу аажим цуурайтан ирж байх ч шиг уужуу чагнахад харин бодлоос л уянгалж байжээ. Ийм цэнгэг агаар байснаас л тийм сайхан тунгалаг цээлхэн хоолойтой дуучин төрөгдөж, ийм айвуу тайвуу орчин байснаас сая тийм сайхан дуу буй болсон ажээ! “Янзага нойрмоглох үдийн халуунаар, ээзгий ширгээж хүүгээ хүлээнэ ...”, тэр гэрт Монгол эх тулгын хажууд ээзгий ширгээж хөлсөө арчинхан сууж байх ... Согтуурлаа, сархдад согтуурахаас илүү ой ухаан билиг сэрэл минь бүр энэ сайхан байгалд, энэ цэнгэг агаарт уусаж байна. Гэвч эгчийн минь хэлсэн тэр үг ч ой тойн аль нэгэн завсраас цухуйсхийгээд авна. Эргэхээ мэдэхгүй хайлж байгаа хайр сэтгэлийг минь хатуу хэцүү Хорчины элсэнд маань татаж аваачих гээд л байна. Би тэнэг мээнэг шиг болж сууж л, сууж л, нэг мэдхэд нулимс урсаж л байлаа ...
Зэрэглээ жирвэлзэж хараан дахь уул хадад яг усны цаана долгионы дунд байгаа мэт. Тэртээ уулын бэлд нэг сүм өвс мод ба зэрэглээний дунд бүрэг бараг харагдаж домгийн ахуй шиг.
Үдэлж байсан үхрүүд зарим нь босож суниасхийн бэлчээр зүгээ дуртай дургүй нэг хоёроор цувж байна. Ай даа, хөөгдөж туугдаж байгаа үхэр мал минь, хашигдаж хоригдож байгаа хурга ишиг минь, бид өөрөө ч тэднээсээ хаана нь дээр байгаа билээ ... Бид уулнаас бууж тэр хийдийн зүг очих гэж явтал шургаа модонд цагаан шаа уут ишлэн мөрөвчлөн яваа гурван хүнтэй учрав. “Сайн байна уу!” гэж учирсан бид хэдэн үг зөрөөгүй тэд маань Японоор ярьчихлаа. Харин хүү маань жаахан Япон хэл мэддэгээрээ бид арай гэж үгээ ололцов. Тэр гурван Япон Богд уулын харгайг идэж гэмтээж байгаа эрвээхэйг алж байна гэжээ. Бүслүүртээ зүүсэн төмөрлөг хайрцгаасаа жижиг жижиг гурвалжин гялгар уут гаргаж тусбүр нэг эрвээхэйг эвтэйхэн даршуулан хийснээ зааж дохин үзүүлж байна. Тэдний байгал орчныг хамгаалах журамт ажиллагаанд биширч эгдлэхийн зайгаар Монгол нутгийн минь гоё гоё эрвээхэйг хэв үлгэр болгон мөнх хонжих гэж байхгүй биш биз дээ гэх хардуун бодол цухалзаад байгаа маань арай хэтэрхий Хятад ухааных биш биз дээ?
Хөтлийг өнгөрхөд хэдэн жижиг хадан дундаас бөөгнөрөн ургасан агсгар сахлаг хус модтой, хүний гараар зориуд тохируулсан шиг үзэмжит газар хүрлээ. Нэг хад нь яг хойш хандан мөлхөж байгаа яст мэлхий шиг, толгой ам, хүзүү сээр, бие хөл нь эгээ мөлхөн байгаа яст мэлхий гэсэн үг. Тэрхүү мянга мянган жил байгалиас бүрэлдсэн хад уг дүрсээрээ нар хурын ивээлээ хүртэнхэн оршино. Бут мод, нэрийг нь мэдэхгүй олон зүйлийн цэцэг ургамлын дундуур хийдийг чиглэн явхад дээгүүр бүргэд халин, дэргэдүүр шувууд жиргэж, их уул балар байгал мянган оны домог хүүрнэн байгаа ажээ. Хийдийн өмнө хаалга хүрэхэд ганц хөндлөн модоор хаалгаа тэвхдэж дунд нь цэнхэр хадаг зангидаастай байлаа. Сайхан соёлын ул мөр одоо ч харагдаж байгаа ажээ. Хийдийн хүрээнд орж гарах хүн огт харагдахгүй. Харин энэхүү хадаг зангидсан хаалгаар орж болдог эсэхийг мэдэхгүйдээ бид эргэн явтал тэргээ зогсоогоод бууж ирсэн хэдэн хүнтэй учирлаа. Бид мэндчилэн золгосны дараа нэг өвөгжөөр хүн “Энэ бол улсын гавъяат жүжигчин С.Сүрэн, би бол Лхагвасүрэнгийн хадам ах Бавуусүрэн” гэж танилцуулга хийлээ. С.Сүрэн гуай “Та нар аль нутгийнхан бэ?” гээд Хорчин Монгол гэхийг сонсмогц “Таны нутгаар сайн байна уу?” гэв. Би “Манай соёл их алдагдаж байна гэдгээ таньд нуухгүй” гэхэд “Та нар үсэг бичгээ сайхан хадгалж байна, энэ талаар биднээс дээр юм. Манай соёл ч алдагдаж байна. Жишээлбэл, залуучууд бүр “Хип хоп” дуулцгааж байна” гэлээ. Бид хамтын зураг аваад аяарллаа. Миний сэтгэлээр унаж байгааг үзэж гарав уу гэмээр “Ээжээ, эдний соёлын тухай зовиур гэж биднийг бодвол бүр зовиур биш бишүү? Наад зах нь тэд хип хопыг Монгол хэлээрээ дуулж байгаа шүү дээ” гэж хүү минь хэлнэ. Үр минь дээ, ээжийнхээ бодлыг үзэж байх шиг ярих юм. Өв соёлдоо үрэгдсэн өр дараасыг маань хоёр үеийнхэн өргөж дийлнэ гэж үү?
Сайхан байгал хүнд бодол, согтуурал баясал, шаналал зовинолын дундуур бид амралтын газар чиглэлээ. Харья, Тайвуун эгч маань санаа болно. Бид дөтөлхийг бодож зуслангий зүүн дэх бут мод ягцуурсан намагт орсон чинь харин энд бас өөр нэг ертөнц байсан ажээ. Хайш хандавч нарийхан горхи урсана, өвс ургамал хөлийг тушин бид бүр гарч дийлэхгүй хоригдчихлоо. Сэвүүн сайхан үзэмжид сэтгэл татагдсан ч бид гарч ирээд хагас өдөр болчихсон учир түргэн харихыг бодож гарах зам хайж байтал намгийн өмнүүрх замаар митцүбиши тэрэг дохиогоо дуугарган яваа нь Алтангэрэл дүү минь биднийг тосохоор ирсэн байжээ, бид дуугаа авалцсан ч гарах замаа олохгүй байхад Алтангэрэл зааж дохисоор “Хийдийн зүг яваарай” гэж байгаа нь сонсогдов. Тэгээд бид ирсэн мөрөөрөө явсаар дөнгөж намгаас гарлаа. Тэгээд үүдэндээ морь унаатай айлд хүрч Алтангэрэлтэй уулзаж авлаа. Гэрийн эзэн халамсгаар биднийг урихад бид ороогүй, малчин айлыг харах завшаан тэгээд харамсал болон хоцорчээ, амьд ахуйдаа дахиж очно, тохиол байвал лавтай Монголын малчин айлд хонууд өнжүүд суухаар очно ...
Үдийн хойно Тэрэлжийн зугаацлын газрын зүг Алтангэрлийн тэргээр давхиулхад замын хажууд аварга гүрвэл, үхэр морь, буга согооны шуумлууд хааяа харагдна. Замаас зайдуухан уулны оройд нэг хад эгээ л залбиран суугаа хүн гэж андуурмаар. Монгол хүн байгалиа хайрладгаас Монгол нутгийн уул хад нь ч сүсэглэн сүжиглэж байгаа дүртэй ургадаг уу? Эсвэл Монгол нутгийн тэр сайхан сүжиг сүсгийн бүрэлваа уул хад нь Монгол хүнд тийм үнэнч сүсэг сүжгийг соёрхсон уу?
Замын хажууд овоо байна, олон давхар хөх хадгийн ороолт нь яг малчин ээжийн толгойн алчуур шиг. Монголд хадаг их зардаг, голдуу цэнхэр өнгийнхийг таашаан хэрэглэдэг. Харамсалтай нь тэдгээр хадгийг бүр Эрээнээс оруулж байгаа гэнэ. Монголд сүсэг сүжгийн сэргэл нэгэнт түгээмэл болсон өнөөдөр өөрийн ариун дархан шүтлэгтээ өргөх хадгаа өөрөө үйлдвэрлэвэл яадаг билээ? Эрээний хадгийг хэн хийж байгаа бол? Арай Хятад хүний гараас Монгол хүн сүсэг сүжгээ мөнгө тооцлон авч байхгүй биз?
Тэрэлжийн зугаацлын газар хүрхэд тэнд саяхан бороолоод өнгөрсөн маягтай, тэнгэрийн баруун хаяанаа давхар солонго татаж, хөвчийнх нь доогуур асар тагт сүндэрлэж, Монгол гэр ярайн, модон байшин жигдэрнэ. Би тэрхүү илбийн орчны ард байх хайлаасан шугуйд тэргээ зогсоогоод Тэрэлжийн голд буулаа. Болор тунгалаг Тэрэлжийн гол бол Туулын нэг цутгалан гэнэ. Ёроолдоо хүртэл тув тунгалаг. Усан дотор өнгийн чулууд шил болрыг цаана байгаа мэт ярайна. Тарган хонины мах идээд гарсан бид цангаж байсан тул голын уснаас битүүлэн уухад ёстой алтан аяганаас рашаан амсаж баймаар азтай санагджээ. Гэдсээ тэнийтэл ууж бие цогц чилээ тайлагдан хөнгөрөх шиг боллоо. Тэр олон гоё чулуудаас хэдийг авмаар санагдсан ч Тайвуун эгч зөвшөөрөөгүй юм. Дотор их гонсойх шиг болсон ч Монголчулын байгал дэлхийдээ хязгаарлашгүй хайртай байгааг үнэн голоосоо биширч эгдэлсэн билээ. Бяцхан Оюун ба Барсболд усанд орж тоглож байхад бид бас хүүхэд насандаа буцав уу гэмээр тэр болор шил мэт усанд орж хүүхэд шиг тоглоход амь нас маань энд уусаж дуусавч харамсахгүй гэж санагджээ. Сайхан байгалд эрхлэнхэн хонууд өнжүүд байя гэж санах ч яахав, цаг мөч нөхцөл боломж зөвшөөрөх ч биш дээ. Явахын алдад Тайвуун эгч маань хэдэн хэсэн чулуу аваарай гэв. Авчихад төвдөхгүй ч авахгүй бол гомдчихсон шиг санагдхаар бид хэдэн хэсэг чулуу авлаа. Хэдийгээр байгал эхийн энгэрийн товчийг тасдан авч байх шиг эмзэглэсэн ч дурсан явахын хувьд ингэх л ёстой гэж эмзэг бодлоо тайтгарууллаа. Монгол хүн нутаг усаа дээдэлдэг, энэ бол цус чөмгөнд нь шингэсэн хайр, дээр үеэс одоо болтол үе уламжилж ирсэн өнө хувирашгүй уг чанар мөн, мөн ч хүн бологсдын хамгийн дээд боловсрол.
Буцах замд тэнгэрт үүл нүүгэлтэж, хажуугаар сарлагийн сүрэг үүл нүүгэлтэж байна уу гэмээр бэлчиж, том бүргэд аажим эргэлдэн “Хөвөх үүлний цаана хөх тэнгэр байна” гэж уянгалж баймаар. Үүлс улам доошиллоо. Том дусалтай бороо нэг зэрэг төсрөөд бид буудалдаа ирэх алдад ариллаа. Харин амралтын газрын зүүнээс урталчилсан намгаас солонго татаж баривал баригдмаар харагдахад “Тэнүүн талынхаа энгүй уудамд, тэнгэрийн солонгыг даган баясч, барьж чадаагүй ч биширч явсан, балчирхан насны ариухан дурдатгал” гэх дууны үг аястайгаа сэтгэлд бууц буй. Ш.Дулам гуай хүн байгалийн хайрыг ухдгаараа л тийм гоё шүлэг бичив үү?! Тиймээ, хүний хайранд байгал өег сайхан, байгалийн хайранд хүн ард нь өөдрөг жаргалтай Монголын сайхан орон минь хайрын сайхан орон!
Маргааш нь бид Тэрэлжийн сайхан уул уснаас аяарлаж Улаанбаатартаа буцлаа. Зам турш Тайвуун эгч нартай “Зөвхөн Монголдоо” мэтийн дууг дуулж хөөрч явахдаа “Хожин хүүгийнхээ бал сарыг Тэрэлжид тохируулахсан” гэх сэмхэн бодолдоо жаргаж явсан.
Замын хажуугаар шил лонхтой хээрийн жимс худалдагчид таарлаа. Нэрс гэдэг исгэлэн жимсийг Тэрэлжид том уутаар авчраад жимсний ханд буцалгаж байснаас амсаж өнгөрчээ. Нөгөө хөх өнгөтэй хад гэдэг жимсийг амталж үзэхсэн гээд тэргэн цонхоор хараад тийм олон хүнийхийг алиных нь авдаг билээ гэж эргэлзэх хооронд тэр завшаан өнгөрөн гарчээ. Хянган даваанд тэр жимс байдаг гэнэ, хожим олж амтлах байх даа. Улаанбаатарт ирхэд Гэрэл дүү минь “Та нарыг Бат-Өдзий гэдэг хүн Манзушир хийдэд аваачих гэж утсаар ярьсан, та нарыг ирсээр тэрэнд утасд гэсэн” гэхэд Тайвуун эгч Алтангэрэл хоёр “Тэгэж болохгүй, маргааш бид Манзушир хийдэд тойруулах гэж байхад, битгийн утасдаарай” гэж зэргээр хэлэв. Ай даа, Монголын хүмүүс гэж! Өмнөд монголын хотын Монголчуудын дунд “Гэрт чинь зочин ирэг” гэдэг наадам лавын хооронд зүхэл бодогдоход ой гутмаар. “Хужаа” гэж хараагдах нь буруугүй ч болов уу, иш!
Үдийн хойно нь бид Туул дээр очлоо. Урьдаар Богд уулын Зайсан толгой дээр гархад Улаанбаатар бүх талбайгаараа хараад зэрэглээтлээ. Ээ, зүүд сүнсэнд дурсагдаж байсан Монгол нийслэл – Зүрхний минь чимэг Улаанбаатар минь, Богд уулын ард, Баян зүрх, Чингэлтэй, Сонгины хөндийг дүүртэл нэлийж, сөхийсөн асар, жигдэлсэн модон байшин, ярайсан Монгол гэр хотоо тэлэн, өмнүүр нь хатан Туул угалзлан туналзаж, огторгүйд бүргэн халин, хотын дунд ч өвс ногоо цэлгэрсэн, тэр чигээрээ байгалийн цэцэрлэг! Хорвоогийн өргөн зайд хосгүй гоё Монгол нийслэл Улаанбаатар минь ёстой хүн байгалийн уялдан элэгшсэн гайхамшиг хот. Хайрыг минь Улаанбаатар багтаасан ч Улаанбаатарыг зургийн машинд багтааж дийлэхгүй! Бид Зайсан толгой дахь овоонд чулуу нэмлээ, сэтгэлээ нэмлээ, хайраа нэмлээ, өнө хувирашгүй Монгол санаагаа нэмлээ! Дахин хувьсгалын үеийн тэр шуумал ба тэдгээр зургийг сонирхлоо. Хадгаа дэлгэсэн Монголчууд маань сэтгэл зүрхний үнэнч хайраа өргөнхөн байсан цаг үеийг өнөөгийн дурсгал болгож энд үлдээжээ. Хоёр их гүрний завсар хавчигдаж заяагдсан хүмүүс минь, мөнх тэнгэр бидэнд хоёр их тивийг хайралсан атал юу гэж гадаад далайтай нэвтрэлцэх ганцхан цэнхэр судсыг хүртээгээгүй вэ?! Ийш тийш хэнийг ч түшихгүй, эзэн толгойгоо хэнээр ч мэдүүлэхгүй зол завшааныг юу гэж хүртэхгүй вэ?! Говийн ар өврийн Монголчууд бүр л хадгаа өргөн хувь хувийн таньсан ахаа угтлаа. Хоёр тивийг захирч агсаар хоёр гүрэнд захирагдна гэгч ямархан хувь төөрөг вэ? Хангай дэлхий яахдаа сугаа хавччихав? Заяа муу ч орших л биз? Одоо би Монголын байгал дэлхий ба өөрийн элс болсон нутгаа бодход эд маань биднээсээ золтой байна, яахав дээ, цус махны тасархай минь, бүгдээр доройтож хайлахаараа бөхөшгүй гал Монгол минь энд голомтоо дэвжээн суугаа нь бидний тайтгарал шүү дээ гэж бодов.
Туулын тунгалаг усыг ууж торгон зүлгэн дээр нь амран хэвтэхэд сөөг сөөгөөр ургасан бут бургас гэр тэрэг шиг сөхийж, хивс шиг зүлгийн соргог ногоон өнгө алив хир буртгийг мартуулж, сэтгэл санааг угааж шинэ амилалыг юүлж баймаар. Бургасан шугуйд хааяа нэг хоёр үхэр нойрмоглон зогсоно. Тэнгэр хязгааргүй цэнхэрлэн хэдэн хэсэг хөвөн цагаан үүлс тогтосхийн, хааяа нэг шувууны жиргэх дуу, үнээний үүнэх дуу орчин тойронг улам нам жим болгоно. Энэ сайхан байгалд уусчихъя, цэвэр соргог агаарт, тунгалаг цэнгэг усанд, цэл ногоон зүргэнд, найган байгаа бургасан намганд, цэнхэрлэн цэлийсэн тэнгэрт уусчихъя, өдөр шөнөгүй ухаан сийлсэн тэрхүү бурзант урсгал хөөсөрсөн амьдарлаас өнө аяарлая гэж дээрээс шүүрэлсэн бургасны найгааг харж, дэргэд үүнэлсэн үнээн дууг чагнан, сэвэлзэн элбэх цэнгэг агаарыг шуналтай амьсгалан, хайр хүсэл минь өгсөн дээшилж, хязгааргүй, уудам агаар огторгүйд дэрвэн дүүлин цэнгэж байна! Ээ, ийм их жаргал энэ насанд минь байсан санжээ! Амь нас минь энэхүү учиралд эгдлэн баясч байна. Энэ бол 2003 оны 7 сарын 30, ой сүнсэнд минь өнө хоцрох яруу дурдатгал!
31-ны өглөө манай эгчийн хүүхдийн найзын эрхэлж байгаа дэлгүүрт очлоо. Даамал Алтангэрэл гэдэг өнгө зүс бие гадраараа харц булаасан дөч хүрээгүй бүсгүйн албан гэрийн цэвэр уужим ихэмсгийг гайхахгүй байхын аргагүй. Ажилтан охин бидэнд жимсний цай аягалж, шоколадны хайрцаг задалж зочиллоо. Тэгээд даамал авгайн дагуулгаар дэлгүүрийг тойрон үзхэд хоёр давхар асрын доор давхарт идээн ундаа мэтийн олон зүйлийн бараатай чөлөөт дэлгүүр байж, өнгө алгалсан бараа таваар миний амьдардаг орчин дахь дэрүүрээс ч баялаг. Дээд давхарт голдуу арьсан урлалын зүйл, хивс, бас баахан ноосон хувцас худалдаж байна. Арьсан урлалд том үхрийн арьсан дээр эзэн Чингис хаанаас дараалан Монголын түүхэн хүмүүс ба амьдрал ахуйг сийлж зурсан том хэцтэй байна, нүдний шилний гэр, бийрийн гэр гэх мэтийн жижиг эдлэл ч байна, уран нарийн хийц, чанар сайтайг шагшиж барахгүй. Харин эдгээр нь бүр Алтангэрэл авхайн өөрийн эзэгнэж байгаа үйлдвэрийнх нь бүтээгдэхүүн гэнэ. Хэрмэнд нь өргөөтэй Монголын нутаг дэвсгэрийн зургийн уралсан хивс онц анхаарал татна. Тэгээд бидэнд хүргэсэн гоё гоё бэлгийг тосохдоо бид ямар ч гар бэлэггүй орсондоо гүүр улайж байсныг хэлээд яах вэ! Бүстэй бүсгүй хоёр Алтангэрэлтэй хамт зураг авхуулахдаа гялруулж яваа энэ хоёр хүн дуудах нэртэйгээ адилхан хүмүүс гэж бодлоо ...
Монголыг ядуу гэж, зах нь хөндий хоосон гэж дуулсан, арав сонсохоос нэг үзсэн нь үнэн юм байна, зөвхөн аж ахуйн талаас ярьсан ч Монгол надад ядуу зүдүү гэж санагдаагүй!
Гоё бүсгүй Алтангэрлийнхээс гараад бид Төв аймгийн төвийг зорилоо. Зам дагуу сүрэг сүрэг адуу хонь Монголын баян чинээлгийг гайхуулна. Бэлчээр онц сайн биш, гэлээ ч мал сүрэг өег цатгалан, хүн зон сэтгэл тэнүүн. Төв аймгийн төв Зуун мод хүрхэд түүхийн тэр хатуу тавилан гүн шархлал зүрхийг хөндөнө. Бүх Монгоыг нэгтгэж гэсэн Галдан бошигтын их санаа холын хүсэл энэ газар шороодсон ч энэ нутаг одоо бусдын гарт биш, Дарлигин Монголынхоо эрхшээлд байсаар нь зол завшаан л байна. Галдан бошигтын баатарлаг сүнс хурай, хурай хурай!
Манзушир хийдэд хүрлээ, хийд хэмээн, хувьсгалын үед сүм дуганыг нь бүр нурааж хаяснаас одоо хаа яагүй хэвтээ чулуун хөшөө тэргүүтэн хөхрөн хөглөрөө өвс ургамлын дунд байгал нийгмийн гүн ухааныг дэлгэн үзүүлнэ. Байгалиа хэтрэмгийлсэн нийгмийн хүч, нийгмийн шударга хүч ба гажуу номлолын аль нь өнө оршихыг хэнээр ч хэлүүлэлгүй тэр өвс цэцэг, тэр чулууд, тэр ундуй сундуй хэвтээ хөшөөд, тэр эвдэрхий хийдийн буурь, тэр олон овоо, тэр хадаг яндар, тэр хаданд зурагдсан бурхад, тэр том хүлис, одоо ч үүдээ цэнхэр хадгаар зангиддаг хийдийн зуны ордон, бас тэр хар модон ой, уужим халин байгаа тэр аварга бүүргэд ... Тэр бүргэд, тэр бүгдээр тоочицгооно ... Энэ бол Богд уулын өмнө энгэр, хар модоор бүслүүлж, алтан ганжир гялалзаж, номын дуу цуурайлж, лам хувраг олонтой, өргөлчид мөргөлчид цувралдсан хөл хөгжөөнтэй их хийд байснаа Сталины хувьсгалын ул мөрийг тэмдэглэн ийм дүртэй хоцорчээ.
Хийдийн зүүнд их балар ой үлгэлжилж, хад чулуудад хөвд хөг хивс дэлгэсэн шиг ногоорч, харгайн оройг хархад малгай унам. Ургамал ягцран, тураг мод бут мод ивэлцэн шахалцан ургаж, нэрэлж дийлэмгүй өвч цэцэг хөлийг ороон, алхам тутам сонин үзэмж сэвүүн байдал кино дэлгэц шиг илэрч, харин энэ гайхамшгийн дунд би өөрөө оршиж байна шүү гэж бодхоор бүр бодолд багтамгүй тийм буян заяа шиг санагдан, би одоо яаж байна гэж өөрөөсөө асуумаар. “Зураг шиг байгал” гэж хүмүүс дүрсэлдэг, гэтэл уулын энэ аглагийг, ургамлын энэ сахлагийг, агаарын энэ цэнгэгийг ямар их зураач хүн зурж дийлдэг юм.
Хад чулуун дээр ургасан хаг хөвд нарлиг бөгөөд ягц зузаан, тэмтэрхэд яг Алтанбулгийн юм уу Эрдэнэтийн хивсийг тэмтэрч байгаатай адил. Монголын хүмүүүс гэртээ хивс дэвсдэг, Монголын хад чулуу ч хивс ургуулж нөмөрдөг байна. Чийг хур элбэг газар л сая ийм цэл ногоон амь нас ургана. Зарим хэсэг хөвдийн дунд хар дэлдүү багларан ургаж байгал дэлхийн баялаг гайхамшгийг гайхуулна. Түнхгэр бөөрөнхий чулууд эгц өндөр харгуйн номин сүүдэрт, таван өнгөөр алагласан цэцгийн дунд, ангир ногоон зөөлөн хөвдийн хучилга доор, зол жаргалтайхан хэвтэж шилжиж хөдлөшгүй үзэгдэл болж тогтжээ. Хааяа хадны том ангал таардаг, дотор нь чухам аймаар хэцүү том араатан буюу хөөрхий жаахан амьтан ч юм уу, ямархан амь нас оршиж байдаг бол?! Энэ бол хангай дэлхий тусгайлан тэдэнд зохиож өгсөн амар тайван эл л байна. Нэг ангалын хажууд зогсоод би сүрдэх шиг, бас эгдлэн догдлох шиг, бас атаархах шиг бодол төрөгднө ... Өмнөд монголд ийм тэнгэрлиг хамгаалал байхгүй ... Яг бугын эвэр шиг нэг хуурай гишүү олж би толгой дээрээ барин хүүгээ дуудтал дижитал камер миний хүүхэд мэт алиархалыг тогтоон авчээ. Хүү минь “Ээж энд ирээд арван насаар залуужжээ” гэнэ. Тиймээ, гоё үзэсгэлэн эрх чөлөөт Монгол надад залуу насны амьдралын тамир сэлгэжээ.
Олон өнгийн цэцгүүд энэ их бэрх бартаат уулан завинд өөрийн дураар дэлгэрэн зулгарна. Тэдгээрийн дотор миний нутагт олон байдаг, хэзээ ч гэсэн бодолд буухад хайр хүслийг минь хөөрүүлэн дэврээж байдаг, мөнх галын хөх дөл шиг бэр цэцэг маань ч бадран дэлгэрч байжээ! Энэ угсаатан орогносон нутаг нь ч судал цус нэгтэй байжээ, хөөрхий.
“За, эндээс би ч салж төвдөхгүй нь, одоо би харихгүй энд хээрийн хүн болж сууя” гэхэд Алтангэрэл дүү маань “Энд чоно баавгай бүр байдаг шүү” гээд хүүхэд айлгаж баймаар инээв. “Би тэдэнтэй чинь ханисаад амьдарчихна шүү” гэж шог үнэний хооронд хэлсэн ч хүсэл ба ахуйн хоорондох зай ер нь өртөмгүй холыг яая. Явах боллоо, амь амьдарлын минь аяны дунд ийм золтой тохиолдол байдаг болов уу? Уул мөнх оршдог, мод урт насалдаг, өвс навч он онд шинэ амиллаар ээлжилдэг, миний бие цогц юухан билээ? Миний үзэл бодол хайр сэтгэлийг агуулан яваа үеэс сая амь насанд минь үнэлшгүй эрхэм. Тэглээ гээд хэдэн арван жил л бишүү. Ямар ч болтугай, би сэтгэл зүрхээ энд хоцроож эндэх хаврын цэцэг намрын үртэй ханьсуулан уул усыг мануулсугай. Хэдийгээр энгийн өтөл амь нас ч би сэтгэл зүрхээ чамлалгүй энд үлдээе, Монгол миний зүрхээр дутах биш ч харин миний зүрхэнд Монгол дутагдаж болохгүй.
Хэдэн өдрийн турш хит ядарч хит хөөрснөөс ч болов уу, буцах замд митцүбиши тэрэгний зөөлөн сажилгаанд хүүгээ түшин суусаар унтаж орхижээ, гурван зуун жилийн түүхийн гутаал доромжлол ба аз завшааны дунд унтжээ, ой сүнснээс ундарсан эмзэглэл ба хөөрлийн дунд унтжээ, Монголынхоо хөх тэнгэр цагаан үүлний доор унтжээ, зүүдний хөг аялгуу дундаа унтжээ ... Тайвуун эгчийнд жаахан амсхийгээд бид дахин гарлаа.
Богдын нэг намхан толгойд гархад нар жаргаж байлаа. Туул гол жаргах нарны улбар туяанд алтан шаргал ар татан угалз зангидаж тавиухнаар барууншилна. Улаанбаатарт утаа уугидаг дөрөвхөн яндантай, тэгээд өрх бүрд 24 цаг халуун ус хангадаг. Бохирдолгүй цэвэр агаарыг шуналтай амьсгалсаар тэнгэр газраас асуумаар санагдлаа: Чухам ямрыг хөгжилт гэх вэ? Юуг баян чинээлэг гэх вэ? Байгалиа уулгалан, үл хойчисдоо үлдээх өв хөрөнгийг уудалж асар тагт босгосон хүмүүс ба эх дэлхийгээ дээдлэн байгалийн жамын журамлаж, уурхай баялгаа хямгадан, эрүүл оршлын үнэ хэлхээгээ залган амьдарч байгаа хүмүүсийн аль нь чухам жинхэнэ хөгжүүлж байна вэ? Ховдог шуналаа хол харц гал ус шиг харшина. Харалган нүдтэд ядуу хоцронгуй харагдсан, хүн байгал зохицонгуй оршоо Улаанбаатрын агуу их ариун дархан Богд уулаас харж, Монгол соёлынхоо уураг шимээр өсөн бойжиж байгаа хүүгээ, ухаан томоотой бойжиж байгаа Дөлгөөн, Оюун (тэд Оюука гэж энхрийлэн дууддаг), Барсболд нарыг бодож дотор тайвширлаа. Бид ургахаас үндэстэй, урсахаас эхтэй, учир нь бидэнд Монгол бий!
Унаж байгаа бүрийн дундуур бид буцхад Улаанбаатрын үдэш үнэхээр намжуун. “Улаанбаатрын үдэш” гэдэг дуу сэтгэлд уянгална. Буцах ойртлоо, намайг төрж өсгөсөн нутагтаа харина, гэр нутгаа дурснам, Улаанбаатарт нэн хоргодном ...
Хоолны дараа бид зээлээр гарлаа. Манай буусан айл Хан уул дүүрэгт байна, хотын төвд биш болоод ч тэр үү, ёстой нам сэлүү. Хүний үймээн, тэргэн шуугиан, худалдаачдын орилол мэтийн дуу чимээний бохирдол дунд олон жил амьдарсан би яг багын үеийн нутагтаа харьсан шиг санагдна. Би өнгөрсөнд байж өнгөрөөгүй сул сэлүү сэтгэлээр зээл гудамж тойрч явтал нэг хүн хойноос гүйх завдуу ирээд “За, сайн уу? Та нар манай клубт очих гэж байна уу?” гэлээ. Бид алмайрч байтал “Өдмйд үүд хаачихсан шүү, та нар аль нутгийн хүн бэ?” гэнэ. Биднийг Хорчин Монгол гэж сонсоод их гайхаж сонирхсон байдалтай “За, намайг дагаад ир, манай клубыг үзээрэй” гээд дагуулан нэг том барилгын үүдийг онгойлголоо. Тэр хүн дэнгийн даруулыг дармагц саруул уудам танхимд сагсан бөмбөгийн алив төхөөрөмж бүхий гоё талбай илэрлээ. Тэр ах өөрөө тэтгэвэрт гарсны дараа энд манаачлан сууж байна гэнэ. Ойрд Монголоор тойрсоноо ярьж Монголчууд харилцан уулзахаар ямар дотно байдаг гэж ярьж агсаар нулимс унагалаа. Би ч нүд зайртав. Өвгөн ах маань биднийг элэг нэгтнээ гээд л ингэж догдолж байгаа. Монгол маань өөртөө ухаан алдсан ба гадаад хүчний эрхээр бутран задарч хэдэн зуун түмэн Монгол дэлхийгээр түгэн хувь тавилангийн хатууд унан босон яваа нь хөөрхий. Харин хөдлөшгүй дархан нутагтаа эзэн мэдэж чөлөөтэй жаргалтай амьдарч байгаа эд маань төөрч тэнэж яваа халуун элэгтнээ эрэн үгүйлдэг байжээ. Улаанбаатрын энгийн нэг иргэнтэй гэнэтийн тохиолдлоор уулзаад халуун сэтгэлд нь уяран догдлов. Дагууд нь ир мэсийн доор өөрчлөгдөн байвч өөр зуураа мөргөлдөхөө мартахгүй хүмүүсээ бодож шимширч зовлоо.
Шөнө бороолов. Өглөө Гэрэл дүүгийн дагуулгаар Наран туул зах дээр очлоо. Үүд гархад Богд уулаас үүл ургаж байлаа. Харгайн шугуй уур утаа савсуулан байгаа тэр сэвүүн үзэмж одоо Хянган даваанд байдаг болов уу? Зах дээр хүн олон, эд бараа олон, Хятадын бараа уул шиг овоорч байна. “Энэ бүр Эрээний бараа байна, үзэх хэрэггүй” гэж Гэрэл хэлтэл бараа худалдагч “Тэгээд танд хаанах бараа таалагдаж байна?” гэхэд би “Монголын бараа л таалагдаж байна” гэхэд тэр хүн инээчихэв. Монголдоо хайртай хүмүүс гэж ийм л шүү дээ. Дурсгал болгох гэж Монгол хийцтэй тэрлэгийг биендээ авлаа, арц сангаас нь баахныг авлаа, харин Тайвуун эчийн төрөл сэлтэд дурсал болгож жаал жуул юм аваад цагаан идээний захад хүрлээ. Энэ дэлхийн цагаан идээг бүр тэнд цуглуулав уу гэмээр цагаан тос, шар тос, өрөм, зөөхий, цөцгий, ааруул хурууд, айраг өрөгдөж байна. Энэ үеэс Гэрлийн гар утас дуугарч Бат-Өлзий гэдэг хүн биднийг дайлах гээд хүлээж байна гэнэ. Бид их бага богц боолтоо дүүжилж Тайвуун эгчийнд ирмэгц яаруу сандруу гарч Үндэстний түүхийн музейд очжээ. Монгол түүхийг босоогоор нь ойлгоё гэвэл тэнд очоорой. Баялаг үзмэртэй тэр музейд залуу тайлбарлагчийн тайлбарлахыг сонсч, гүн зузаан түүхэн мэдлэгт нь шагширч, мянган оны түүхэн ул мөрийг дэлгэн жагсаасан үзүүллэгийн дундуур зорчиход агуу их өвөг дуудсийнхээ өмнө өөрийн бие маань даанч өчүүхэн, өчүүхэндээ түүхэн тэр цуурайлаг аажимд нэг жижиг нот болж ч чадахгүйгээ мэдэрхэд, дээдсийнхээ бичиж хоцроосон гавъяа алдрын өмнө ухаан билгээрээ сөхөрсөн, харамсалтай нь цаг бачим бэлтгэл гүйцэд бусаас тэмдэглэл хийж аваагүй. Хожим дахин очно, дээдсээ эргэхээр очно, өнө эртнээс тасрашгүй үргэлжилж ирсэн Чингис зоригийг хүртэн хүлээхээр очно, ухаан тамирын эрч нөхвөрлөхөөр очно ...
Бат-Өлзий авгай биднийг “Мөгдөн архин мухлаг”-т дайлжээ. Түүний ах малчин Өлзийбат гуай ч хамт байлцана. Малчин гэхэд түүний дүр байдал хөдлөл барил хэл ярианаас наранд шарагдаж бороонд шавшигдан аж төрж байгаа хүн гэж итгэмээргүй. Энэ бол нэг Хятад хоолны газар, гэвч Өмнөд монголынх шиг ширээн дээрх тэр олон ёс горим байхгүй. Хоол ундаа нь нарийлаг ихэмсэг, ёс журам нь дөхөм дөт. Ширээн дунд нэг шил Чингис хаан архи (хар архи), хүн бүхний өмнө үзмийн архи, хэдэн зүйлийн ундаа зэрэгцэн, хуурлага ба будаа хамт гарлаа. Бүгдээр идэж уухад Өлзийбаи гуай савх хөдлөөгүйд асуувал хутга сэрээ хэрэглэдэг тул энэхүү хоёр модоор хавчин идэж чадахгүй ажээ. Олон хуурлага хайрлагатай хоол ундааг хүртэж суухад юу нэг дутагдаж баймаар санагдна. Тийм шүү, бусдын дайллагыг хүртчихээд наандаж хэдэн үг хэлэлтэй бишүү дээ? Гэтэл Монголд тийм тохиол олдохгүй. Зочинсог зантай энэ хоёртой танилцмагц аяарлах боллоо, юу ч ярихгүй бол эвгүй гэж хүүгээр архи бариулахад Бат-Өлзий авгай хайнгахнаар “Бас ч Өвөр монголын дадгал” гэлээ. Хүү минь архи барьж “Би Монгол хүн”-ийг уншив. Энэ үеэс Өлзийбат гуай “Дорнын цагаан сар”-ыг дуулахад тэр эр хонгор цуурайлаг дуунд тэнүүн тал дэлгэгднэ. Өлзийбат гуай бас нэг ой сүнс доргим үлгэр ярьлаа: Дээр үед Монгол цэрэг нэг дайнд ялагдаж жанжин нь ганцаар бүслэлтийг шувталхаар довтолж байжээ. Гэтэл өмнө нь хоёр цэрэг явган гүйж байсны нэг нь өөрийнх нь дүү, нэг нь өөрийнх нь хүү байлаа. Үхэж сэхэхийг энэ ганц морь л шийдвэрлэх цаг мөчид гурван хүний хувь заяаг энэ хөөрхий амьтан дааж дийлэхгүй. Хэн ч хариулж чадахгүй асуулт, хэн ч шийдэж чадахгүй сонголт жанжны өмнө тулгарчээ. Аюул түгшүүр нэхэн ирж байгаа, сэтгэх затгүй, эргэлзэх чөлөөгүй, хайрын энэлэл ой билгийг нь нүрж байх хооронд тэр их эр гар сунган дүүгээ өргөн сундаллаа ...
“Хүүг дахин олж болно, дүүг дахин олж дийлэхгүй” гэж бодсон гэнэ. Ой сүнсийг донсолгосон энэ үлгэрийг Өлзийбат гуай бидэнд ярилаа гэхээс харин дүү Бат-Өлзийдээ хайртай шүү гэж хэлж баймаар санагдна. Энэ яриа ой ухааныг нэрвэж өрөөнд яв цав болов, дүү ба хүү минь бодол сэтгэлд ор булаллдана ... Мөнх тэнгэр минь, би сонгож тэвчиж чадахгүй ... Хором зуурын зүрхний булчин атгарсан эвэршээлийн дараа би тайвширчээ. Амь амьдралын тохиолыг дүү ба хүүдээ эргэлзэлгүй юүлнэ би! Харин тэр жанжны хувьд энгийн цус махны хайр найраас нэн дархан хариуцлага тулгарч байсан байж болно. Миний эгч ба Гэрэл дүүгийн уртхан амьсгалах мэдрэгдэнэ, энэ үлгэр хүүтэй дүүтэй бидний хайр төлөөст сэтгэлийг шалгаж үзсэн байна.
Хоолны дараа бид Монгол улсын их сургуулийг тойрон үзжээ. Асрын өмнө Чойбалсангийн шуумал хөрөгтэй, энэ улс төрчны тухай би юу ч ярихыг санахгүй.
Яг зуны амралт агсанаас сургуульд сурагч байхгүй. Бат-Өлзий гуай жижүүрлэгчид хэлж бид Монгол улсын их сургулийн асарт орлоо. Хоёрдугаар асрын их танхимд орход хавтсан шал дээр гурван бүдүүн дөрвөлжин баганын дөрвөн талд бүр тольтой, гадуур нь зоосон модон сандал нь тавиун гоё, бүр ч урлагийн бүтээл шиг. Танхимын зүүн баруун хаяан дээр Монгол амьдрал, Монголын байгалийн үзэмжийн томоохон зурагтай. Хичээлийн гэрийн үүд түгжээстэй тул олж чадаагүй, тэгээд гаднаас нь их төлөв харсан боллоо. Асар баахан хуучирч байсан ч бас ихэмсэг цэцгэр нь илхэн. Сурган хүмүүжил гэдэг нарийн инженерингийг барилгаар яаж үнэлэх билээ?! Хүний их сургууль өөрийнхөө сүр сүлдээ хүмүүжүүлж байхад зарим гүрний их сургууль одоохчилсон асартаа “Багаж”-ийг л боловсруулж байгаа шүү дээ. Ой гутмаар!
Бат-Өлзий гуай эгчид минь бэлэг авах гээд биднийг дагуулан Наран дэлгүүрт орлоо, бидэн шиг хүмүүс хавьтамгүй үнэ ханштай тэр гэрэл ойсон бараанууд харц хальтрам. Нэг шаазан таваг Хятад юаниар найман зуу, нэг хос чирүүл шаахай дөрвөн зуу хүрч байгаа тэр тэнгэрийн ханштай бараанууд Монголын мөнгөн туламчуудын хөрөнгө бэлийг харуулж байна гэхэд Наран дэлгүүр нь Монголд мөнгөтэй хүмүүсийн зөндөө байгааг харуулж байхгүй гэж үү? 244 түмхэн хүн ардтай улсыг арван хэдэн дүнчүүр хүнтэй их гүрэн дэх хараа сонорт өртсөн зүйлтэй харьцуулж ярих бол зохисгүй.
Өөд уруу явхад Бат-Өлзий “Хятад гүрний хүмүүс тэнд уурлаж байх шиг тэргэн үүдээ савдаг юм” гэж шог үнэний хооронд ярьж инээж байлаа. Хожим нь би манай нэг тэрэгтэй найзад ярьсанд найз минь “Тэдний тэрэг бүр Япон биш бол Солонгосынх, үүдийг нь савахгүй ч хаагдчихна, харин манай энэ муусайн тэрэгний үүд саваад бас хаагддаагүйг яах билээ” гэсэн. Найзын маань үг зүйтэй байж мэднэ, гэтэл хэдэн үгээ ч микрафоноор ярьж баймаар орилдог хүмүүсийн дууны хүч ч гадаад хийцтэй бишээс боллоо гэж үү?! Боловсон ба аж ахуйг заавал харгалзуулж ярихыг ойлгож ядна.
Үзэсгэлэн сайхан Улаанбаатраас аяарлах боллоо. Оройн найман цагийн галт тэрэгний билетийг авсан билээ. Нэг гаригийн турш Тайвуун эгчийн хэдэн гэрийн хүмүүсийг зүдээснээ санаж буцахын өмнө харин дайлъя гэж төлөвлөсөн юм. Тэгээд Өлзийбат ба Бат-Өлзий хоёр найзаас сэтгэл хорогдон аяарллаа, дурсаж явна даа, онцгойлон ухаан тамиртай малчин дүүгээ ...
Харихад Тайвуун эгч бяцхан Оюун ба цасан дагина мэт гоёлон чимээд, өөрөө ч Солонгос маягийн гоё заслаа өмсөж хурим төрд очих байртай сууж байлаа. Би өмсгөл заслыг их анхаардаггүй, гэвч Монголынхон зочноо хүндэлх мөртөө олон нийтийн талбарт боловсон байхыг хичээдгийг биширлээ. Гэрэл дүүгийн дагуулгаар нэг борогжуун Хятад хоолны газар очлоо, тэд маань биднийг хэт их мөнгө зарцуулахаас хичээж байна. Би нэг шил Чингис хаан архи авч Хятад юаниар далан зоос төллөө. Гэтэл Тайвуун эгч яаран ирж хар архи уух хүн байхгүй гэж хориглож нэг шил үзмийн архи сольж авхууллаа, би бас нэг том шил ундаа авч, архи ундаа нийт эдий л аваад болчихсон байна. Ногоо будаатайгаа зэргээр гаргадгаас эхэлмэгц будаагаа идэцгээдэг, тэгхэд ногооны таваг хоосроод бид дараагийн ногоо түргэн шиг гарч ирээсэй гэж эвгүрхэж байхад тэд маань хэнэггүй л байсан. Алтангэрэл ба Даваа хоёр тэрэг барьдаг учир үзмийн архи ч амсаагүй. Ногоо гарч бартал хоолоо ч идээд барчихлаа. Тав долоон өдрийн турш тэдэндээ баярлах үг хэлэхсэн гээд ер тохиол олдоогүй, бидэн шиг хундага өргөн олон үг урсгаж дуулж орилж байдаггүй юм чинь. Одоо өөрөө дайлж байгаа тохиолоор би талархах хэдэн үг хэлж Артай гуайн “Нөхдийн хайр”-ыг уншиж халамжийнх нь хариу болгон өргөлөө. Гэрэл дүү маань болор цом шагналт шүлэгч Д.Очирхүүгийн “Урам хайрла”-ийг хариу болгон уншлаа. Залгаад Тайвуун эгч дагуулан дууллаа, сайхан тэднийхээ хайр ээлд догдолно ...
Би “Урам хайрла”-ыг тэмдэглэн авч, Гэрэл “Нөхдийн хайр”-ыг тэмдэглэн авч салахын алдад дурсгал болголоо.
Монгол, ой ухааны гүн дэх хамгийн соргог мэдрэл, Улаанбаатар, сүнсийг хурайлсан тэнгэр газар! Одоогоороо аяарлах болчихсон гэж үү? Улаанбаатарт байсан тавхан өдрийн цагт сүг сүнс минь нутагтаа буцаж, хүсэл хүлээлт минь биелэгдэж байна. Гэвч харамсах зүйл ч байна, би ханахыг мэдэхгүй биш, харин амь насанд минь харамсал бичигдээгүй хуудас байхгүй. Заримыг нь нөхөж дийлнэ, заримыг нь хэзээд нөхөж дийлэхгүй. Монголд ирсэн тохиолдоо Бурхан халдунд очиж Гурван голын эхээс амсахсан, тэнд бидний эх үүслийн сурвалж байна: Хар хоринд очихсон, тэндээс л сая Монгол хүн аварга дүрээр дэлхий дахинд танигдсан: Хөдөөгөөр очихсон, малчин айлд сууж, өнө эртнээс уламжилж ирсэн Монгол амьдарлаа эдэлж үзэхсэн: Улаанбаатарт ч гэсэн юутай яаруу сандруу тойрсон билээ, Д.Нацагдоржийн хөшөөнд цацал өргөн, Зоригийн хөшөөнд ёслохсон ... Цаг мөч ямар ч дархан хайранд гээд өршөөл үзүүлж зог тусаж хүлээхгүй. Хүүгийн минь сургууль эхлэх ойртжээ, хичнээн олон харамслыг өвөрлөн Монголд жаргасан таван өдрөө эрэгцүүлхэд нүдээр харж сэтгэлээр мэдэрсэн зүйл олноос олон. Энд ирхээс өмнө санааширч байсан зүйлээс ярьвал: Хүмүүс Монголыг далан жил Оросын харьяат явснаас нэгэнт Оросжчихжээ гэдэг. Гэтэл Улаанбаатарт хүрээд сая Монгол бол Монголоороо, миний хүсэл дэх Монголоороо гэдгийг мэджээ. Энд би үнэн голоосоо Монгол үндэстэнд талархнам наад зах нь далан жилийн харилцаа явалцаа дунд газар нутгийг нь эзэлж авсангүй: Бас зарим хүн Монголынхоо архинд шуналтай, өнгөрсөнд архи цаазтай байжээ, хорин таван наснаас өмнө архи амсаж болдоггүй байснаасаа одоо хориогүй болжээ, залуучууд архинд согтож зээл дээр согтуу хүмүүс хаа яагүй байдаг гэж хэлдэг. Гэтэл хэдэн өдрийн турш нэг согтуу ч хараагүй нь гол зээлээр эрэгчээгүйнх болов уу? Миний ажигласан Монголчууд бүр архи дарсанд тун хичээмжтэй. Монголын уг соёлд архийг “Аравтай амсахгүй, хорьтой хүртэхгүй, гучтай гуйлгуулж амсдаг, дөчтэй дөчтэй дөнгөж амсдаг, тавьтай тавьж суудаг, жартай жаргаж эдэлдэг” гэдэг эртнээс уламжилж ирсэн хэллэг байдаг: Монгол ядуу гэдэг зоог хэний ч аман дээр бэлэн байдаг, хоолондоо цадахгүй ч гэх юм, дунд сургуулийн сурах бичигт бас “Балга шөл” гэдэг зохиол байдаг. Эдгээр чимээ мэдээ сэтгэлийг минь шаналгаж байжээ. Биеэр өнгөрөөсөн хэдэн өдрөөр үзвэл дамын чимээ далан худал гэдэг үг ёстой юм байна. Би Тайвуун эгч ба Алтангэрлээс “Таны амьдрал Монголдоо бол баянд тооцогдоно уу?” гэсэнд “Дунд зэрэг” гэж тэд зэргээр хэллээ. “Монголд онц ядуу зүдүү айл байдаг уу?” гэхэд тэд “Байна, гэхдээ цөөн. Манай Монголд ажилсаг хүн ядуурах учир байхгүй” гэжээ. Би өөрийн амьдралаа эднийхтэй харьцуулж бодвол, их сургууль төгсөөд олон жил ажиллажээ, хөлс мөнгөө цагтаа олдог. Энэ маань Дунд улсад том зэргийн амьдралд тооцогдно уу үгүй юү? Баян хүнийг бодвол би ч бараг нүцгэн ядуу, гэтэл тэдгээр ажил алдсан ба тариачныг бодвол миний хувийн амьдрал бараг дунд зэрэгт орж болно байх. Өөрийн амьдарлаа Тайвуун эгч нарын амьдралтай харьцуулвал үнэхээр тэднийг хүрэхгүй. Тэгээд энэ зөвхөн аж ахуйн талаар шүү, хэрэв зориг санааны талаар бол, бурхан минь! Харьцуулах боломж байхгүй.
Тайвуун эгчийнд ирж хэдэн айлтай бэлэг сэлтээ солилцож аяарлах боллоо, эндэх хүмүүсийн эгэл борогжуун бөгөөд үнэнч цайлганаас, тэдний ярилцаж байдаг сонгуулиас, Улаанбаатрын огторгуйд хальж байгаа бүргэд, нүүдэллэж байгаа цагаан үүлээс, Богд уулын сүрлэг ихэмсэг, тайван дүрээс, хар модон ойн ягц сахлаг, өндөр эгц, ас шулуунаас, хатан Туулын цэнхэр тунгалаг урсгалаас, цэцгийн амьсгалт Монголын цэнгэг цэвэр агаараас ... аяарлах боллоо. Найр тарсан ч хайр тасрахгүй, тэдний хэдэн айл бүгдээр хөдөлж биднийг галт тэргэн өртөөнд хүргэлээ, вагондоо ороод юм хумаа төвхнүүлэн тэрэг хөдлөхийг хүлээж, Улаанбаатрын бууж байгаа бүрийг харж “Сэтгэлээ энд хоцроосон юм” гэж уяран санатал тэрэг хөдөллөө. Гадагш бараалахад Тайвуун эгч тэд нар маань нүхэн замын тэртээ бидний зүг гар даллан зогсож байлаа. Агшин зуур нулимс асгаран буулаа ...
Тэрэг хурд нэмэн давхилаа, үдшийн бүрий униар хүдэн хөлөглөн бууж, уулсын наагуур хөх цэнхэр өнгөтэй хөвсгөр зөөлөн шаа хөшиглөжээ. Унаж байгаа бүрийн дунд нэг хүн Туулын хөвөөнд морио услаж байна. Орчин тойрон тийм уужим сэлүү, зөвхөн уулын сүүдэр, усны ар, униар хүдэнгийн битүү нууцхан амьсгал л ноёлно. XIII зуун ийм байсан болов уу?! Би хэзээ дахин олж ирдэг бол, миний сэтгэл дэх бурхан богдын орон! Гэнэт нэг бодол гялсхийв: Нас болсны дараа үнс чандраа Монголынхоо уул усанд, цацуулъя, суурь мод ширхэг өвс, хүйс цэцэгт нь тэжээл болон шингэг, зүрх минь энд хоцорсон юм чинь ... Гэвч амьддаа би бас ирнэ, Гурван голын эх, Бурхан халдун ууландаа, Хар хориндоо мөргөхөөр ирнэ ...
Шөнийн хөшиг нэтийн буулаа, гадна юу тод харагдахгүй болжээ. Тэрэг давхиж байна. Ээ, би одоо буцаж байгаа юм уу мордож байгаа юм уу?! Сэтгэлээсээ асуухад хариулт алга, учир нь би түүнийг Монголынхоо уул усанд хоцроосон юм.
Галт тэрэг харанхуйн гүн зүг давхина ...
2004 оны 10 сарын 19-ны шөнө
“Цээлийн өндөр” өргөөнөө

1 comment:

  1. Гурван голын эх, Бурхан халдун ууландаa мөргөхөөр ирнэ

    ReplyDelete