Залуу насны үгүйлэл

– Оюутан дүү нартаа захия
Амь насны аянд залуу нас хир зэрэг эрхэм байдгийг хэн ч бүр мэднэ, эрхэм болохоор бид бүр юу хийж яаж өнгөрөөхөө ч олохгүй болтлоо нандигнадаг. Түүний дунд оюутан ахуй цаг мөч гэж бүр хоромхон зуур гэмээр. Тэр нь хувь төөргөөс амь насанд олгосон аливаа аз завшааны алтан түлхүүр ч болов уу? Насны намраа угтаж яваа надад хийморь омоглуун залуу нас маань эрэгдэж байгаа өнөөдөр, залуу найз нараа харж тэр жавхаа дөлийн сургийг сурж үгүйлж байгаа өнөөдөр, би хэн нэгэнд ч өөрийн өнгөрснөө гайхуулъя гэж бодоогүй, хэн нэгэнд гомдол тоочъё гэж ч санаагүй. Харин биеийн өнгөрөлтийн хувьд, мөн ч миний үндэстэн ястны хуьь тавилантай салшгүй барилдаж хоцорсон дурсамжийн хувьд би энд ой дуртгалд минь шигдэгдэн гялалзаж байдаг он сараа тэмдэглэн хувийн учирлын үүднээс биш харин нэг үе хүмүүсийнхээ тэр халуун мөрийг хөргөхгүйг бодож тэр холдоогүй тэр түүхийг дурдаж байна.
Наяад оны оюутан болсон надад аль ч цаг үеийн оюутантай адил омогшил харамсал бүр байсан юм. Харамсал нь дийлэнх үү гэхэд онц омогшмоор зүйлийг ч тэрхэн цаг мөчүүд олгосон билээ. 1981 он, түүхийн урсгалд тун энгийн нэг жил, энгийндээ 1949 оноос нааш аль ч жилээс онцгойлогдмооргүй энгийн нэг жил. Гэтэл тэр энгийн нэг намар миний өчүүхэн амь насанд нандин эргэцүүлэл омог бахдалыг олгосонсон. Тэр намар бид босон тэмцсэн, нэг ястныхаа түүхийн төөргийг эргэн, зуун зууны эрх чөлөөний зүүд хүслийг мөрдөн, зовлонт өчигдөрийг нь шинжин, хүнд зүүдэнд тарчилж явсан олон мөрийг нь хянан бид хэнээр ч хэлүүлэлгүй босолцсон! Тэр бол манай үеийнхний залуу насны гал цог, амь насны минь өндөрц юмсан. Цаг мөч алсарч хүний хүсэл бодисын шуналаар буцлах болсон. Гэтэл түүх үнэн ёсыг үзүүлдэг, өнгөрөн одож хорин хэдхэн жил болж байгаа түүх бидэнд юу нэгийг мэдүүлэх ёстой, бид тэр түүхийн аяны хөсгөөс юу нэгийг буулган авч үлдээн хоцроох хэрэгтэй бишүү? “Тэр тохилодлыг танд түүх олгосон” гэж нэг залуу найзын ярьсаныг би мартаагүй: “Танд ч тэр тохиолдлыг өдөр тутам олгож л байна” гэж хариулснаа ч цээжилж байна. Тиймээ, нэг ястныг энэ дэлхийгээс чадвал хоггүй арчиж хаяя гэх ов явууллага аль ч жил сард алгасалгүй явагдаж л байгаа. Зарим аз бус тоогүй болж ирэхлээр хүмүүс минчүүрдэг ч боловуу? Хүмүүс унтаж орхилоо, хэзээ ч сэршгүй боловуу гэмээр бөххөн нойрсож байна. Өвөр монголд 326622 хүн алагдаж шархдсан тэр хүнд шарх итгэгдэмгүй түргэн аньжээ. Тэгээд өвдөл шархлалын ой дуртгалын гүнд үлдэхгүй яав даа, гэхэд хүмүүс тэр эвэршээлээс бүр дайжиж зайлан, дурдахаасаа сэргийлдэг шиг, тэр хорлолын үрэгэлжлэлийг ч мэдрэх дургүй үл мэдэгч төлөвтэй явна. Хүмүүс өөрийн бодлоосоо зугатаж чадахаас биш, бодит ахуйгаас зугатах газар хаана байх вэ?! Хариуцлагаа ба хилсдэл жич ирж мэдэх аз бус бүхнээс сураг тас зайлая гэж бодох тутам хорт дарс уусан шиг хөдлөх тэнхэлгүй хэвтэнэ. Эзэн хүн унтаж мансуурч байгаа тэр зуур бэлчээр нутаг гэж байхгүй болжээ, уурхай баялаг ч байхгүй болжээ, мал сүрэг ч байхгүй болжээ, малчид маань ч орших оронгүй болжээ, үг хэл үсэг бичиг алдагдаж хэлгүй төөрсөн хүүхэд замаа олохгүй тэнэх болжээ, цаашлан дээдсийн онгоныг ч бусдаар эзэн мэдүүлэх болж залуу оюутныг орцных нь үүдэнд буутай цагдаа харуулдаж зогсоход “Яагаад вэ?” гэж асуух амтай тамиртай сэхээтэн гарахгүй болжээ ...... Ядаж нутаг усныхаа нэрээ ч хамгаалж чадахгүй Хятадаар дуудуулах болж ирлээ. Юм өнгөрөөгөөгүй залуучууд нь ахмадаа царайчлахад тэдгээр мэргэд болж биеэ өргөгсөд нь өөрийнхөө гүн тогтсон соривоо арай нуун байж үзүүлмээрхэн: “Болохгүй шүү, хувиа сахих юм шүү, та нарыг дарангуйлж мэднэ шүү” гэж хүүхдээ айлгана. Эргэж хандаад үеийн хүмүүстээ “Би бол өөрөө гараад эсэргүүцэл тавихаас биш хүүхдээ өмнөө барихгүй” гэх юм. Богд минээ, төрөлх авъяас юмуу? Он он үргэлжилсээр ирсэн хатуу тавилангаас хүртсэн ой ухаан юмуу? Залуучууд маань тэдэнд игдүүлэхээр барахгүй бид ч тэднийг баатарлаг мөртөө нөмжиг сэтгэлтэй гэж биширнэ, гэтэл игдүүлэх ч яахав, бишрэх ч яахав, харин тэр дунд нь үндэстэн ястан гэгч хамтын цогц л хэцүү тавилангаас хаашаа ч зугатааж чадалгүй мэрэгдэж хорогдох л байна. Өнөөх баатар мэргэд маань яахав?! Үндэстэн ястныхаа хувь заяаг хэнд яаж тушаав?! Өөрийнх нь хэлдгээр өөрөө л үүрч авна гэдэг юм бол тэд маань үүрээд хаашаа аваачиж хаясан бэ?!
Эсэргүүцэл гэгч ямар ч улс гүрэнд хэзээ ч байж болох бөгөөд заавал уриа хашгиран зээлд жагсаал явуулна гэж хэн ч тогтоогоогүйсэн. 1981 онд бид 28 өдөр хичээл хаяж байртаа суухад буутай хүн ирж байрыг дараагүй, 1999 онд Үндэсний их сургуулийн оюутад гарын үсгээ зурж өргөдөл өгөхөд хэн ч ирж дарангуйлаагүйсэн. Бодвол тэр үеэс ажил хуваарилах гэдэг аз завшаан байжээ: Бас чанга хэцүү улс төрийн хяналт оюутны томилолтод тулгардаг байжээ: Мөн нарийн нямбай данс эвхмэлийн дүрэм ажилд ороход чухал гардам болж байжээ. Эдгээр шүүлтийг өнгөрөөхгүй бол амьдархад хэцүү болно. Тиймэрхүү сүрдүүлэл доор хэдэн үеийн оюутад аливаагаа хайхралгүй босон тэмцсэн, тэгээд тэдгээр хүмүүсийг яаж дарангулав даа? 81 оны хөдөлгөөний дараа, удирдагч хэдэн хүнийг буруу мэдүүлэх гэсэн, тэд тэрхүү ажлын сайхнаас сонгуулна гэдэгт нь бууж өгөөгүй. Тэгээд ажил хуваарилаагүй нь үнэн. Иймэрхүү өргөдөл тухайн хүмүүст ёстой хэцүү, тиймэрхүү байдал одоо хүн бүхэнд тулгарч ирлээ, чи шударга номхон юм бол “Алив, энэ ажлыг хийж амь зуугаач!” гэх хүн алгаа. Гэвч сурлага, өгүүлэл, дадлага хэр тэнцсэн байдалд төгсөх үнэмлэл өгөхгүй буюу эрдмийн цол олгохгүй гэх шалтгаан байхгүй, хэрэв үнэхээр санал дурдлаа гээд төгсөх үнэмлэл буюу эрдмийн цол олгохгүй бол хуулийн зэвсгээр өөрийн эрх ашгаа хамгаалж болохгүй биш. Р.Эрдэмт шуудан гуйвуулгын төлөө хуулийн танхимд гарсныг бодвол нэг оюутны тэгш бус учрал хувь хүнд нь нэн чухал байж мэднэ шүү дээ.
Одоогийн нийгэмд бүхэлдээ тайван төвшинийг л чухалчилж байгаа, тэр мөртөө аль орон нутагт “Тайван бус” явдал гарвал тэр орон нутгийн хамгийн дээд удирдлагатай нь хэлэлцэнэ гэнэ. Тэгэхээрээ манай ноёдын хамгаас эмээдэг зүйл нь тайвуу бус байхгүй юу? Тэгээд дээр шатандаа нүүр олохын төлөө ч гэсэн, өөрийн амжилтаа гайхуулж зэрэг жинс нэмэх гэсэн ч чамайг багтаасан хүн олныг хилэгнүүлж өөрийн хүзүүндээ боомь углая гэж ямар мунхаг ноён ч гээд хүсэхгүй шүү дээ. Бид нөгөө этгээдийнхээ ямар их эмзэг байгааг ажиглаж танивал зохихсон. Хүн чамаас сэргийлж байхад та бүр айгаад чичирчихээд яахгээ вэ?!
Үнэнхүү мундаг том харанхуй хүч дарж ирэхээр бодчихъё, харин нэг хүн болсон хувьд, нэг хямралд талчилж байгаа үндэстний үр хойчис болсон хувьд, залуу халуун насандаа өөрийн үндэстнийхээ хувь заяаны өмнөөс нэг удаа ч босч зогсон хоёр үг хэлэхгүй юм бол, тийм тохиолдол ирсэн байтал хулчийгаад ухран зайлан явсан юм бол цаг жил өнгөрч насны намар хүрч ирэх үе харамслын хар нулимс зүрхийг чинь жимжигнүүлж мэднэ. Яриангүй, та гуай хэрэв харамсахыг мэдэхгүй хүн л юм бол ч яахав дээ, миний ярьж байх танд талжгүй байх. Тэр мөртөө арай ч тийм харанхуй дарлал илэн далангүй явагдах болоогүй, наад зах нь үндэстний орон нутгийг 89 оны Бээжин гэж бодвол зохисгүй, цаг үе, газар орон, онцгойлон үйл явдлын шинж чанараараа тэр явдалтай харьцуулагдах тал ховор.
Зарим хүмүүс соёлоор үндэстнээ аварна гэж хэлдэг, тэр ч зөв, зарим хүмүүс аж ахуйгаар угсаатнаа дэгжрүүлнэ гэдэг, тэр ч буруу биш. Зарим хүмүүс шинэ мэргэжлээр ястнаа хөгжүүлнэ гэнэ, тэр ч яриангүй тун чухал. Тэгвэл нэг асуусугай: Соёл чинь хайлсаар оронцог төдий л болж байна, нутаг ус чинь мэрэгдсээр тамтаг болж байна, мал сүрэг чинь хориул болж эзэн нь ч амь ахуйн дүрвэгсэд болж байна, үнэнийг хэлсэн нэг нь хэрэгтэн болж байна, сургууль соёлын мөр хаагдаж шинэ соёлын балай гарах болж байна ...... Мануус нутаггүйгээр соёлын голомтоо хаана аваачиж дэвжээх вэ? Соёлгүйгээр зориг санаа чинь юугаа түшиж орших вэ? Эзэн мэдэж чадахгүйгээр аж ахуйгаа яаж хөгжүүлэх вэ? Сургууль хичээлгүйгээр шинэ мэргэжлээр үүдэн бүтээх хүмүүсээ хаана аваачиж хүмүүжүүлэх вэ? Галаа манахгүйгээр яаж голомтоо бадраах вэ?
Бид үндэстнээ хайрлана гэж хэлээд хийрхээд л байвал аливаа бүхэн сайн сайхан болчих биш, харин үнэнийг хэлж сурах хэрэгтэй, хэлэх мөртөө Монгол гэртээ л биш, харин сонсох ёстой хүсүүст нь хэлж чадаж байх хэрэгтэй: Бид ажил хийж сурах хэрэгтэй, үндэстний ашиг тусад холбогдолтой дусал ширхэг төдий ажлыг ч чамлалгүй, лут том “барилга”-ыг ч сүрдэлгүй хийж чадаж байх хэрэгтэй. Дусал хурж далай болдог ёсоор таны хийсэн бүх юм Монголд тус болно, манай гал голомтод цочил болно. Манай ардын мэргэн үгэнд “Зурсаар зурсаар луу” гэдэг шүү дээ, хийж л байтал бүтнэ.
Үнэнийг хэлсэн нэг нь хэрэгтэн болж гэдгийг хараад зарим найз дайжиж мэднэ, мөн ч намайг өмнө хойноо зөрчилтэй үг хэлж байна гэж ойлгож мэднэ, гэтэл би арай эргүүтэх болоогүй гэдгээ энд хэлье. Ганц мод гал болохгүй гэдэг ёс тун илхэн. Хамтын танилтаас хамтын хүч төрөгдөнө, хамтын хүчинд уул нүүнэ. Дээр дурдсан хоёр жишээ бүр хамтын хүчнээс болж түрүү удаагийнх нь үрэгдэл гаргасан ч манай энгийн сэтгэдэг шиг тийм цуст дарангуйлал биш, харин 99 онд бол үрэгдэл гаргасан хүн байхгүй, тун амжилттайгаар “Тунлиао их сургууль” гэдэг нэрийг буцааж Өвөр монголын үндэстний их сургууль гэдэг нэгийг нэхэж авчирлаа.
За, тэгээд энд ямар их гай уруу та найз нарыг түлхэе гэж ярьж байгаа биш, харин зарим найзтай болсон ярилцаанаас залуу оюутад мөрөн дээрх дархан хариуцлагаа таньж авах чухалтай бишүү гэж бодсоноо ярьлаа, зарим найзыг эмзэглүүлсэн эвгүйрүүлсэн байж ч мэднэ, харин танд таалагдаагүй бол үнэдэстэн ястныхаа хувь заяаны өмнөөс ярьсныг маань ойлгож уучилж багтааж хайрла.
2005 оны 11 сарын 26-ны өдөр “Цэнгэлийн өндөр” өргөөнд

No comments:

Post a Comment