Биеэ хорлохгүйн учир

Бие муу гээд хэдэн өдөр боллоо, бие муу юм уу сэтгэл санааны архаг юм уу би өөрөө ч мэдэхгүй, мөн бас сэтгэл архагтайгаас болж бие муу байгаа юмуу, бие муугаас болж сэтгэлийн архаг хүндэрч байгаа юм уу? Би ялгаж чадахгүй, бодлын буданд дарагдан хэвтэхэд амьдрал ер нь хүнийг тамлаж барвал элэглэж гутааж баймаар санагдана. Ингэж өвдөж зовж хэвтэхэд хэн ч чамайг солиотой гэж хэлж магад, тэр ч яахав, оршиж байгаа хатуу орчиндоо тохиролцож таатай жаргалтай амьдарч байгаа хүмүүсийг би бишрэхгүй ч буруутгахгүй, харин тун хөөрхий санагдах юм.

Нэг орой үхлийн тухай зүүдлээд цочин сэрж үхлийн тухай сэтгэх болж, үхэх гэгч амь насны эцэслэл, хүүр биеийн арилал. Үхэлд өтөлж үхэх, өвдөж үхэх, бусдад хорлогдох, биеэ хорлох гэх зэрэг байдагт ганц биеэ хорлох нь хувь хүнээс мэдсэн явдал болно. Гэтэл хүн болж төрснөөс л эхлээд хүний эш ёсонд холбогдож, тухайн хүний амийг ганц хүнийх биш болгож, уран нарийнаар торлон холбодог байна. Тэгээд тэр хүн хар албаар хүний орчлонд ирж, хар албаар өсөн төлжиж, хар албаар өтөлж буурч, хар албаар үхэж арилдаг байна. Гэхэд амь нас ба оюун сүнс ямар харьцаатай билээ? Ген (жен гэдийг Латинаар авиалаад ген болгож авиалж байна гэнэ) ба цус, бас зориг санаа ба махбод бүр ямархан бүтцээр харилцан нөлөөлөн оршиж байдаг билээ? Бодолд төөрөхөд нэг бүлэг биеэ хорлосон ер бусын хүмүүс бодогдоно. Юуны өмнө Жек Лондон авгай бодогдов, амьдралд хайртай түүний үхэл нь махбодийн эвэршээлээс шалтгаалжээ гэж зарим номонд тэмдэглэжээ. Гэхдээ эр хатуу өөрийн махбодийн эмзэглэлд тарчилагдсан байдлаа ертөнцөд харуулахгүй гэж өөрийгөө өөрөө шийтгэлээ, “Амьдрлд хайртай” гэдэг бүтээлдээ амь насыг ямар хатуу орчинд тавьж байлаа? Амьдрахын хүсэл юуг ч ялдаг ч амь нас бүхэнд хэлээд өөрөө амь насаа шийтгэсэн нь ганц махбодын шалтгаанаас гэж үү? Тэр социалист намд орж өнгөрөв. Хожим нь социалист намаас гарч, дараагаар нь хор ууж амиа эцэслүүлжээ. Ингэж үзвэл түүний үхэл ганц махбодоос шалтгаалсан биш байж магад. Кебт Ясунарийн үхэл нь зориг санаанаас болсон аж, гэхдээ үхэл бол хамаг том урлаг гэж үздэг тэр маань, дуугүй үхэл бол мөнхийн оршил гэж таньдаг нь зохиолч хүний амь насны тухай өвөрмөц танилтаас болсон байна: Сэндиак мэт хатуу зоригт төрийг бүтээж Нобелийн шанг тоссон зохиолч Лемингуай харин бие сэтгэлийн давхар зовлонгоос болж авын бууг амандаа өмхөж харвасан байна: Гучин тавхан настайдаа биеэ хорлосон Акутакава Ринооки бол мөн бие сэтгэлийн хоёрдмол шалтгаанаас болсон байна. Өрнөдийн ба Дорнодын энэ дөрвөн том зохиолч амь насныхаа ул мөрийг балрашгүй хоцроогоод хувь хувийн аргаараа амь насаа шийтгэж, дэлхий дахинд мөнхийн ойлголт ба сэжиглэлийг хоцроожээ.
Ойр зуунд хэлбэл: Хятад сэхээтэд ба Монгол сэхээтэд биеэ хорлох удамшил бүр байхгүй. Хятад сэхээтэд биеэ хорлох удамшил байхгүй нь шударга зарц болж хэдэн мянган жил тэсвэр тэвчээртэй бөхийсөөр ямар ч сөргүү хүчинтэй бүр эвлэрдэг оюун хатан чанарыг боловсруулж чадсанаас болсон байна. Монгол сэхээтэд тийм биш, тэр нь Монгол хүний эрт дээдсээс уламжилж ирсэн амин шүтлэг ба гүн зузаан хайртай холбоотой л байж таарна. Соёлын хувьсгалын харанхуйг туулж гарч ирэхэд биеэ хорлож чаддаггүй Хятад сэхээтдээс харин нилээд хэдэн хүн аргацаагүй байдал дахь амь насандаа өөрөө шийдвэр өгч биеэ хорлолоо.
Үүнд юуны өмнө Лоу Шэ авгай тооцогдоно. Тэр Гүө Мөрүө шиг өөрийгөө илчилж хувьсгалд мэдрэгдэхийг бодохгүй, бийрээ хуйлж суусан тэр авгай гутаал доромжлолын өмнө амь насаа өөрөө шийтгэлээ, Бээжинд төрсөн Манж хүн Бээжин гийхээ голд харайн үхлээ. Дундад улсын хамгийн нинжин сэтгэлтэй зохиолч бурангуй орчноос аяарллаа. Нэг бийр хугарсан биш, нэг зохиолч хорогдсон биш, харин Дундад улсын сэхээтдын эгнээснээс нэг том од хальжээ. Гэрэл муудаж улам бүрэнхий болохгүй яах вэ. Тэр их хар нүгэлт хөдөлгөөнийхөнд эрлэгийн харанхуйг эндэх харанхуйгаас дээр гэж явсан шүү хөөрхий. Хойноос нь Уйгар эрдэмтэн Жиан Бөзан бүсгүйгээ авч явлаа (Энэ хоёр хүн Хятад биш ч Хятад соёлтой учир Хятад сэхээтэнд тооцон бодлоо): Хойноос нь Чү Пинань мэтийн шударга хуульч сэхээтэд олон олон явлаа. Зарим хүн байцаалт хийж өнгөрчээ, тэд гэр бүлийн асуудлаар биш, бие махбодын эмзэглэлээр биш, авъяас чадварын хоосролоос биш, харин харанхуй орчны гутаал доромжлол нь ямар ч хал гутаалыг дааж ирсэн Хятад сэхээтний дааж чадах хэмжээнээс нь давчихсанаас ажээ. Харин Монгол сэхээтэд биеэ хорлосон тухай мэдээллийг дуулаагүй, соёлын хувьсгалын харанхуйг Дундад улс даяартай харьцуулбал бүр хэцүү байсан нь мэдээж. Учир нь тэр бол нэг үндэстнээс нөгөө үндэстэнд явагдсан хувьсгал юм. Хүний нийгэмд байгаагүй гай зовлон, гутаал доромжлолыг амсахдаа Монгол сэхээтэд маань амь насны тэсвэр тэвчээрийг хамгийн өндөр хэмжээнд харуулж чадсан билээ. Энэ нь малжих амьдарлын хатуу орчин, дайн дажинт түүхийн гашуун зовлонгоос олсон хатуужилт чанар нь тэр их гутаал доромжлолыг тэсэж чадах болсон байна, нөгөө талаар, амь насыг эрхэмлэн шүтдэг Монгол маань хүний амь нас бол ганц хувь хүнийхээ биш гэж үздэг, учир нь эцгийн шим эхийн цусаас бүрдсэн энэ органик цогц эцэг эхээс гадна олон хүнд холбогддогийг ойлгуулдаг. Үгүйсэн бол махбодийн зовлогоос илүү оюун ухааны гутаалыг амсахын оронд амь насаа шийдвэрлэж, гутамшигт орчноос аяарлах нь хувь хүнд авч үзвэл амьдралаас хөнгөн байх л ёстой шүү.
Өвчин эмгэгт баригдаж, ирж айсуй хямралд хандахдаа өөрийн чадал минь энэ үндэстэндээ үсний хэр тус ач хүргэж чадахгүйгээ сэтгэхдээ би үнэхээр Жек Лондон, Кепт Ясунари нарын тухайн байдлыг олгож мэдлээ гэж хэлж болно. Миний орчин ба тэдний орчин хэдий зөрөөтэй байгаа билээ? Бодит орчин дахь нарийн агуулга адил бус нь яриангүй, гэхдээ бие махбодийн тарчлал, оюун ухааны зориг санааны өнчрөл эзгүйрлийн хувьд ер нь бараг байгаа. Бодьгал биеийн хувьд тэд алдарт зохиолч, би энгийн өтлөө хүн л байна. Тэглээ гээд зориг санааны эрх чөлөө ба оюун ухаан хүртээл олгомжийг хөөцөлдөх хувьд амь нас гэгч том зохиолч ба өчүүхэн иргэнд бүр адил байх ёстой. Би Монгол сэхээтэд гэдэг нэрэндээ осолдуузай гэж их хичээдэг. Монголчууд энэ нэрийг хэцүү дууджээ, мөн хэцүү хүнд үүргийг бичиг соёлтой хүмүүстэй найдлаа. Хятад хүн мэдлэгтэн гэж нэрлэдэг байхад Монгол хүн сэхээтэд гэж нэрлэх юм. Хатуу тавилангийн өмнө Монгол маань, та хэдхэн нүд нээсэн хүмүүсдээ даанч хүнд ачаа үүрүүллээ. Тэгэлгүй дээ, том угсаатан болоосой, би хийхгүй ч хийх хүн байна, хийх хүнгүй ч устаж хайлна гэж зовохгүй. Лувсанчойдон авгай Монголд орж төрсөндөө гомдоно гэж ярьсаныг сэтгэлийн гүндээ ойлгуулж байна. Бараг миний одоогийн сэтгэцтэй адилхан байдалд ийм аргацаагүй гомдлоор шүүрсэлсэн байж мэднэ. Хэдийгээр биеэ хорлосны тийм сэтгэлгээний орчинд оршиж байгаа ч яахав, би нэгд биеэ хорлохгүй, хоёрт солиотохгүй, учир нь би Монгол сэхээтэн, сэхээтны үүргээ биелүүлж чадахгүй хойно амь насны мөч бүхэндээ хийх чухалтай зүйлээ хийнэ. Амь нас байгалийн эрхээр дуусах үед өөрийгөө шүүж үзээд юу ч бүтээгээгүй ч зүтгэж явсан, тэмүүлж өнгөрсөн гэж өөрийгөө үнэлж чадвал, яахав, нүд анина. Бусдаар үнэлүүлье гэж амьдрах бол туйлын ядаргаатай, харин би сэтгэлийг оюунч танилтаас хүнд үздэг хүн, өөр биеийн ойлголт ба нийгэм нийтийн ойлголтоос чухалчилдаг хүн, тэгээд амь насны энэ хоромхон зайд томоо ороогүй үеэс ямар байсныг мэдээгүй, харин юм ойлгох болсноос нааш, давс идсэн хоншоор юу гэх бол гэж юу олон бодоогүй, өөрөө үзээд миний сонссон өртөгт тохирч байвал гуйвшгүй баримтална гэж ганц үзүүрт сэтгэлээр нааш цааш харалгүй явж ирлээ. Тийм учраас би амь насны эцсийн мөчид зөвхөн өөрийгөө шүүх чухалтай.
Миний эдгээр зовлонгоор амьсгалсан сэтгэлийн зангилаас чухам хаанаас ирсэн бэ? Хэзээнээс эхэлсэн бэ гэж тунгаалаа. Эхэлсэн цаг ёсондоо амь насны эхлэлтэй минь адил байж таарна, би өөрөө эрх чөлөө зол жаргал гэдгийг хүртээгүй, мэдэхгүй учир харьцуулагдах зүйл байхгүй, зовлон ч оршихгүй мэт болдгоос биш. Хэт орой ухаарчээ, 8128 гэдэг тоо амь насанд минь залуу цус буцалж агсан цаг үед надад олон юм ойлгуулсан. Гэвч хичнээн жилийг зовж туулсан ч яг одоох шиг ийм тарчлал дунд туулаагүй, зовлон гэгч явах тутам зузаарч байгаагаас шинжхэд, ертөнц дээр хамгийн хүнд хэцүү зовлон гэгч бие цогцын эвэршээл ба өлөн хоосноос болдоггүй, харин хэт олон аз бусын тухай сураг сонсох үеэс эхэлдэг байна. 2004 оны 2 сараас интернеттэй холбогдож, Монгол форумуудаар зорчих болсноос Монгол нутгийн эл газарт юу болж байгаа, Монгол соёл маань чухам ямар хямралд учирч байгааг цаг тухайд нь ойлгох болсон, эх соёлын ширхэг ширхгээр мэрэгдэж байгаа нь өдөр бүр гэж тоологдох биш мөч бүр, цаашлан секунд бүр гэж тоологдох үеэс, ээж минь өвдөөд эцсийн мөчөө хүлээж хэвтээ тэр үеийн үр болсны арга үгүйдэл эрэгцүүлэгдэнэ. Энэ их арга үгүйдэл элэг зүрхийг минь урах болсон. Ингэж явах тутам зовох нь баярлахаасаа олон болж, ер цагийн цог зол маань ч дагууд нь мэрэгдэж байгааг мэдрэх үеэс, хамгийн хүнд хэцүү гачигдал миний зүг ахин дахин дайралт хийх боллоо ......
Амь нас аргагүй хязгаартай. Амь насанд осолдохгүйн төлөө ямар ч бай, бие биеэ хорлохгүй, хол гүйдлийн тамирчнаар бодвол гүйж дийлэхгүй болсон ч мөлхөж байгаад ч, эцсийн шувтлааны цэгт хүрнэ. Ингэмээн сая амь нас жинхэнэ тайтгарлыг олно.
Амь насаа хайрладаг хүмүүстэй хамт, нартад буцаж ирэхгүй тэр цаг орчинд ч, тохиол байвал хамтаараа хундага өргөе.
2006 оны 12 сарын 23-нд ноороглож,
2007 оны 1 сарын 5-нд засаж барав.
“Цээлийн өндөр” өргөөнд

No comments:

Post a Comment