Шинэ мэргэжлийн эрин болжээ, сураг чимээний цаг үе эхэлжээ. Интер сүлжээ дэлхийн судсыг холбон нэвтрүүлжээ. Одоо аль нэг мужууд бүрэнхий этгээд гээд энэ дэлхийн нүд чихийг бөглөж чадахгүй болсон. Манай Богд дээдэс Чингис хааныг энэ дэлхийн судсыг нэвтрүүлж өнгөрсөн хүн гэж дэлхий дахин үнэлж байна. Тэр бол аргамаг хүлгийн туурай, алмас хатуу Монгол зоригоор дэлхийг дагжуулсан зарлиг байсан.
Цаг их хурдан өнгөрчээ, найман зуун жилийн ер бусын аянд Чингисийн хойчис өвгийн ялд биш, өөрийн нуултдаа бүл цогцоороо бусдад хяхагдаж, битүүмжлэгдэж явсан түүх өнгөрөх болоогүй. Өнөөдөр интер сүлжээ эгэл иргэдийн харцыг тив сундлуулан тэлж, энэ дэлхийг алган хэр болтол агшаажээ. Энэхүү наран гийгүүлсэн тохиолдол Монгол хүнийг орхиогүй, сураг зангийн ачааны машиндаа биднийг суулгаад мордлоо. Дэлхий юу болж байгааг би бүр гэрээсээ харж дийлнэ, би өөрөө дуртай л бол ертөнц дэлхийгээрээ миний юу бодож юу хийхийг мэдэж болох боломжийг интер сүлжээ хүн төрөлхтөнд олгосон.
BBS гэж бичгээр ярилцах ярилцааны тавцан байдаг, бид тэнд түүх соёлоо эргэцүүлж, Монголынхоо олон асуудлыг хамтаар чөлөөтэй ярилцаж болно: UC гэж хэлж ярилцаж, бас бичиж болдог тавцан байна, тэнд Монголчууд Монгол соёлоо ухуулж, санал бодлоо солилцож, дуу хөгжим сонирхож, Өвөр Халх, Ойрад Буриад ялгаагүй хажуудаа байгаа шиг бие биеэ харж ярилцаж болдог. Монгол хүн сүлжээнд гараад юу хийж байгаа вэ? Чухам юу хийж дийлдэг вэ? гэж ярьж байгаа хүмүүстэй учирч байсан: Хий хоосон орон зайд юу хэллээ гээд бүр хоосон гэж тоохгүй хүмүүстэй ч ярьж өнгөрсөн. Тиймээ, интер сүлжээ бол хийсвэрлэсэн орон зай, гэтэл бид харин бодитой тодтой бодьгал цогцос байгаа шүү дээ. Тэр хийсвэрлэсэн орон зайд чинь бид түүх соёлоо судлах, үзэл сэтгэлээ солилцох зэрэг гарт баригдахгүй ч сэтгэлд байртай асуудлыг ярилцаж байхаас гадна бас баривал баригдаж байгаа бодитой ажлуудыг хийж чармайж яваа юм.
http: |\\WWW.mglzaluus. com\bbs\index. asp? boardid=9
Энэ хаягаар ороорой, тэнд бидний ядуу хүчиртэй сурагчдыг тэтгэн дэмжиж байгаа ажлыг байцааж болно. Бид хөрөнгөтэй хүнийг эрээгүй, нийгэм нийтээс ч хуритлуулаагүй, харин тоотой хэдэн цалин мөнгөөсөө илүүчилж сурлага алдмаар болсон хүүхдийнхээ гарт хүргэж өгч байгаа юм. “Нэг том баянаас бадралбал харин нэн олон хүнийг тэтгэж дийлдэг бишүү?” гэдэг асуултын өмнө манай найз Timon ингэж хариулжээ: “Нэг нийгэмд зуун хүн байхаар жишээлвэл, мөн ганц баян хүн байхаар бодвол, хэдийгээр тэр баян нь нэн нийгмийн бүх хөрөнгийн 99%-ийг эзэлж байвал нийгмийн алив бүхний 99%-ийг эзлэх ёсгүй. Харин нэг хувь хүний ашиг тус нь зөвхөн хувь хүнийг л төлөөлөх үеэс тэр хүн бол ганцаардмал хүн, ямар гамшиг зовлон туссан ч түүний хувь хүнд л хамаатай. Хувь хүний ашиг тус нь бусад хүний ашиг тусыг ч төлөөлж байвал хувь хүнд тохиолдсон гамшиг зовлон ч зөвхөн хувь хүнд нь хамаатай биш, нэг хүний ашиг тусад бусад хүний ашиг тусад холбогдож байвал тэр хүний ашиг тус нь олон хүний ашиг тусыг төлөөлж байгаа юм ...... Бид ингэж Монгол хүний үндэстнийг анхаарах, нийгмийг анхаарах, хүн хүн харилцан хавсралцах зохицонгуй орчин тойрныг буй болгохыг зорилоо”. Ингэж бид бараг 15985.71 төгрөгийн бэлэн мөнгө хуримтлуулж албан журмын сурган хүмүүжлийн шатны 82 сурагч-ийг адил бус хэмжээгээр дамжжээ. Сургуулиар нь хүснэгт таглуулж бодитой байдлыг үндэслэн тэггэмжийн мөнгийг хугацаа бүр хамаг арвиндаа 500 төгрөг, хамаг цөөндөө 100 төгрөгийг олгосон юм. Мөн ч үргэлжлэн дэмжихээр төлөвлөж байгаа.
Ядуу хүчирдэлтэй хүүхэд олон байгаа, бүхий л Өвөр монголд 82 гэдэг тоо бол тун багахан тоо, Монголоор сурч байгаа хүүхдэд тулгарч байгаа асуудлуудыг штйдвэрлэж чадахгүй, тэгээд бидний зорилгоо би дээр нэгэнт ярьсан. Тэр мөртөө бидний олонх нь ганц хоёрхон хүүхэдтэй шүү, бодож үзээрэй, та минь, манай өөрийн хүүхэд маань ядуугаас болж сурлага алдана гэвэл таны дотор ямаршуу болдогийг. Тэр 82 хүүхэд ч 82 гэр бүлийн хувь заяатай холбогдоно шүү дээ. Нэг үлгэрийг санаж байна:
Их шуурга шуурсаны маргааш өглөө нь нэг хүн далайн тэнгээр сэлгүүцэн явж байна гэнэ. Элсэн тэнгийн хонхор бүхэнд тунасан ооч төдий усанд бүр хөөрхий олон загас жараахай тэлчилж байлаа гэнэ. Халуун нар удалгүй төдийхөн усыг ууршуулж хатаана, тэгсээр тэдгээр загас жараахай бүр хатаж үхнэ ...... Цаана нь нэг хүүхэд нэг бөхийн нэг босон юу нэг шидэж оруулж байгааг мэджээ. Зугаацагч хажууд нь хүрээд сая тэр хүүхэд тэдгээр загасыг далай зүг шидэж оруулж байгааг мэджээ.
– Хүүе хө, хэчнээн олон загасыг чи ганцаараа хэзээ аврах вэ? Хүүхэд дуугуйхан хийхээ хийж л байна.
– Ай, чи ингэж хийх чинь хэнд хэрэгцээтэй юм бэ?
– Энэ загасанд хэрэгцээтэй, энэ загасанд хэрэгцээтэй, бас энэ загасанд, бас энэ загасанд ...... Жаахан хүү зугаацагчийг ойшоох ч үгүй загасаа шидэж явуулахын зэрэг ингэж ярьсаар байлаа.
Бид ядуу хүчирдэлтэй Монгол сурагчдыг тэтгэж байгаа нь үлгэр дэх газардсан жараахайг далайд буцааж байсан хүүхдийн хийдэлтэй төстэй. Амьдарлын шавар балчигт хүчирдэж гачигдаж байгаа хүүхдийнхээ өмнө хэсэг хөрзөн, нэг тоосго тавьж байгаагаар бодъё, хүүхэд маань аливхан дүүлж балчиг газрыг туулж болно шүү дээ.
http: |\\WWW. mglzaluus. com\bbs\dispbbs. asp? boardID=29&ID=3047&page=1
Энэ хаягаар ороорой, малчдад зориулж эрхэлсэн хууль цаазын мэдлэг, компьютерийн мэдлэгийн ангийн тухай тэнд ярилцдаг. Хэдэн жилийн турш сүлжээн дээрх Монголчууд мөнгө хуримтлуулж хууль цаазын бүртгэл хийж орчуулан хэвлүүлсэн малчдын эрх ашгаа хамгаалахад гарын авлага болох номыг өргөн олон малчин тариачиндаа үнэ төлөргүйгээр хүргэж өгч байгаа. Хэрэглэх хүмүүс одоо ч Бээжинд байгаа Монголчуудтай маань форумаар дамжуулж харилцаарай, ном бас үлдэж байгаа сурагтай. “Монгол хүн хуулиас хэдий зайтай байх вэ” гэдэг Б.Түмэн-Өлзийн зохиол санагдана. Дээдийн үеэс уламжилж ирсэн газар нутаг маань нэг мэдэхлээр бусдынх болчихсон байдаг. Бусад хүний нэг мү гурван фэн газар нь тийм үнэ цэнэтэй байж, манай нутгийн хэдэн түмэн мү нь яагаад өөрийн мэдэлгүй бусдын өв болчихдог вэ? Хуулийн баталгаа гэж байх юм уу үгүй юм уу? Байцаалтыг үндсэлвэл ӨМӨЗО-ны 7300 илүү гацаа тосгонд газар шороо эзэмших эрхийн үнэмлэхийг олж гардсан нь сая арваад гацаа гэнэ. Тэр нь бас Зүүн Үзэмчинд буусан, одоо Бээжинд ажиллаж байгаа сэхээтэн залуучууд, “Талын хань” нийгэмлэгийн чармайлгаар сая биелэгдсэн гэнэ. “ӨМӨЗО-ны (БНХАУ-ын газар шорооны хамааралтын хууль)-ийг хэрэгжүүлэх арга” 2000 оны 10 сарын 15-ны өдөр нэгэнт Өвөр монголын ардын төлөөлөгчдын их хурлын байнгын хорооны хурлаар зөвшөөрүүлэн батлагдсан атал тэдгээр өмчлөлийн эрхийн үнэмлэл ардын гарт хүрээгүй байдаг. Ийм байдалд малчин тариачдад маань хуулийн зэвсэг юутай чухал ажээ, цаг үе ямар ч гэсэн урагш ахиж байна, интер сүлжээ дэлхий дахинд түгээмэлжиж байгаа байдал доор малчин тариачид маань ч дэлхийн анир чимээг чагнаж, гүн цуурайг нь дагах хэрэгтэй биз. Тэгээд Үзэмчин ба Хөлөн буйраас ирсэн малчиддаа сүйтгэл хураахгүйгээр боловсролын анги эрхэлж өгчээ.
Эдгээр бол гарт баригдам бодитой ажил.
http: \\forum. xinhuanet. Com\detail. jsp? Id=18935265
Энэ хаягаар орж үзээрэй, өрмөг ногоохон Баруун Үзэмчинд Горхин гол гэдэг энэ нутгийнхаа амин судас болсон гол буй. Горхин гэдэг нэрээс нь энэ голын урсгалын хэмжээг бид ойлгож болно. Гэтэл энэ жилээс эхэлж энэ голын урсгалыг тасалж цөөрөм байгуулан 6×60 түмэн кв-ын цахилгаан үйлдвэр байгуулах шийдвэр гарчээ. Тусгай мэргэжилтны нотолсноор 100 кв-ын цахилгаан үйлдвэр секунд бүрт нэг куб метр усыг ууршуулж бараана гэж буй. секунд бүр гурван куб метр илүү ус ууршуулах энэ цахилгаан үйлдвэр жилд нэг дүнчүр нэг мянган түмэн куб метр ус ууршуулна. Шилийн голын хөгжилт өөрчлөлтын зөвлөлөөс бүртгэснээр энэ голын бүх урт нь 365км, услалтын талбай нь 5274 квадрат км, урсгалын хэмжээ нь 2163 куб метр, урсгалын дундаж гүн нь 25.7см, шагай давам шүү.
Гэтэл байгуулах гэж байгаа усан цөөрмийн хадгаламжийн хэмжээ нь 1 дүнчүр куб метр. Хэчнээн жилд сая өнөөх цөөрмийг дүүргэж дийлэх билээ? Цөөрөмд нь дүүрэн устайгаар бодоход нэг жил ч хэрэглэж хүрэхгүй шүү дээ. Тэр мөртөө доор урсгалын 6000 малчдын амьдралын сурвалж тал нутаг алдагдаж аргацаагүй болно. Баруун Үзэмчин хошуу дундад долоон бүсийн эх хуурайн уур амьсгалт оронд оршиж, өвлийн улирал хүйтэн бөгөөд урт, хавар намар салхи ихтэй, зуны улиралд хур тунадас бага ган хавсаргаан ихтэй, жилийн тунадасны хэмжээ 345mm, жилд ууршуулах хэмжээ 2500mm байдаг. Иймэрхүү оронд голын ус бол амь насны цорын ганц түшиг мөн. Горхин гол бол доор урсгалын 6000 малчин, 11 малжих гацаа, 2 тариалангийн талбай хийгээд ой шугуйн талбай, хэдэн мянган квадрат км тал нутгийн амь голын баталбар юмсан.
Энэ ашиглалтын тухай мэдүүлэлтдээ хэлсэн нь, нэг тонн усыг 0.5 төгрөгөөр бодоод, цөөрмийн хэрэглэлтийг хасвал жилд 500 түмэн төгрөгийн орлоготой болно. Бэл оруулаад “буцалт” нь 8 жил. Энэ чанар Горхин голын усыг нэг тонныг 0.5 төгрөгөөр 8 жил худалдвал 500 түмэн төгрөгийн орлоготой болно гэсэн үг дээ. Үүний зэрэгцээгээр доор урсгалын тал нутаг ба буй бүхий хүн мал амьд бодисыг бүр худалджээ гэдэг үг шүү дээ. Хэрэв зол таарч 8 жил дараалан хур бороо элбэг бөгөөд азаар тэр үйлдвэр нь бүх талаар ажиллаж эхлээгүй бол байгуулахад оруулсан бэлээ эргүүлж авчирч болно, үгүй бол 6 – 7 жилийн хооронд тал нутаг барагдаж, цөөрөм нь хатан ширгэж, аж үйлдвэр нь ч үүдээ хаахыг бүү хэл Лов нуур шиг амь нас оршиж дийлэхгүй элс л үлднэ.
Амь ахуйн гамшиг гарсны дараа 500 түмэн төгрөгөөр эргүүлж дийлэх ч биш дээ. Гашуун нуурт ус оруулахын төлөө улсаас 23.6 дүнчүр төгрөг зарцуулж Хар голын савыг засахад зориулжээ. Үүнд ӨМӨЗО 4.9 дүнчүр төгрөг гаргажээ. Гашуун нуурт ус оруулаад гурван жил арай болоогүйгээр дахин ширгэжээ. Учир нь дээр урсгалыг нь тасалчихсан юм чинь эхгүй ус хатахгүй яахав дээ?!
......
Иймрэхүү ярилцаанууд явагдаж л байна, нэгэнт 12500 гаруй хүн уншиж өнгөрсөн энэ сэдэв маань sina сүлжээний халуун цэг мөн нь дамжиггүй. Тэр мөртөө Хятад улсын төрийн өргөө гэгээвч болсон сүлжээн дээр улсын удирдагчид ирж халуун цэг болж байгаа асуудлыг ойлгодог гэнэ. Тэгэж бодвол бидний ярилцаа нь бодлого тогтоогчдод юу нэгийг сэрүүлж болно гэж итгэж байна.
Интернетийн цаг үе гэж ийм, энгийн ард ч улс гэрийн хөгжилттэй холбогдох их асуудлыг чөлөөтэй ярилцаж санал шүүмжээ өгч болдог. Тэгээд сүлжээ маань хүмүүсийн саналыг шууд тусгаж өгч чадна. Хүссэн хэр үйлдэл гарах эсэх нь ондоо явдал. Бичиг соёлтой Монголчууд маань, интернет дээр тантай болзъё, хэзээ ч гэсэн бидэнд үүдээ нээж байгаа энэ уужим дэлхийд чөлөөтэй зорчиё, хамтаар.
Монгол соёл маань явцууран туйлдаж байна. Интернетийн хангасан боломж бүхнийг ашиглаж энэ галаа дэвжээн хөгжөөх түүхт үүрэг манай өмнө ухарч хойшлуулж болшгүйгээр тулгарч ирлээ. Миний бодохоор Монголчууд зөвхөн сүлжээн дээр ярилцаад юуг ч бүтээчих юм биш, харин олон асуудлын тухай бодитой арга хэмжээ авах талаар ярилцан тогтоож гүйцэтгэх хэрэгтэй байна. Ингэвэл сая энэ ирж байгаа боломжийг бид сайхан ашиглэж чадна.
Интернет манд ардчиллын үрийн гэгээг соёрхох болтугай!
Шинэ мэргэжлийн цагаан хишиг Монгол соёлыг ивээх болтугай!
2005 оны 12 сард “Цээлийн өндөр” өргөөнөө
2007 оны 6 сард засав
No comments:
Post a Comment