Зурвасхан сүүдэр
Асгасан ус барин зуураа уурших хатмаар нарны доор цахилгаан утасны ганц баганын зурвасхан сүүдэрт нэг сандал, нэг шил цом цай тавьж ганц өвгөн үүрэглэн сууна. Дээгүүр нь гурван зурвас хар гум дугтуйтай цахилгаан утас нарны алтан цацраг доор гэрэл ойн, цаагуур нь хөх огторгуйд хэдэн ороомог цагаан үүл тогтосхийнэ. Өвгөнөөс хэдэн алд зайд дугуй тэрэгний гум хүрд тэргүүтэй баахан юмс хэрэм налан өрөөтэй.
Сэргэлэн өөд уруу явахдаа бүр энүүр өнгөрдөг. Өглөө ирэхэд нь өвгөн баганын баруунд сууж, үдэд харихад өвгөн баганын хойно нь сууж байдаг. Үдийн хойно ажилдаа гарахад өвгөн баганын зүүн хойно саатаж, орой харихад нь бүр ч ас зүүнд нь зам хөвөөдөөд суучихсан байдаг. Ганц баганын сүүдэр дагаж нүүн шилжиж, газар дэлхийг шатаан хайлуулчихмаар наран доор эвдэрхий дугуй хүлээж суугаа тэр өвгөнийг ойрхоноос очиход нар салхинд гүүршиж хүрэл зэс мэт болсон нүүрэнд нь шингэн цагаан сахал гялтганана. Эвэршиж мойногшсон хуруугаар хааяа хэдэн зоосоо тоолж суудаг ч олонх цагт зүүрмэглэж байна уу гэмээр хөдлөлгүй сууна. Зөрөлдөөд барагддаггүй хотынхны дугуйнууд нүдний өмнө нь урсахыг харж суухдаа, амьдарлын хүйтэн халуун бүхнийг туулсан нэг насаа эргэцүүлж байдаг ч болов уу, эсвэл эвдэрч цочрохын алдад ирсэн ч түүний гарын эвлэгхэнээр урсдаг дугуйнуудын тухай ямар нэг зүлийг сэтгэж байдаг ч болов уу, бүү мэд. Сэргэлэнгий ой ухаанд ганц Баганын зурвасхан сүүдэр, нэг сандал, нэг цом цай, нэг өвгөн үүрэглэн суух нь ямар нэг санаа ахуй бүхий шүлэг зураг шиг л санагдана. Салхи бороот бараан бүрхэг өдөр өвгөн ирэхгүй бол Сэргэлэнгийн дотор аягүйдэн, энэ зээлээс нэг содон үзэмж дутчихсан шиг эзгүйрнэ. Ямар сэтгэлгэ билээ? “Өрөөсөн завь нөмрөг бүрхэгт өвгөн, өнчин ганцаар ханзааны цасыг хөхөдмой” гэдэг шүлэг шиг ч билүү? Биш, иймрэхүү шүлгийн санаанаас болж сэтгэл догдлон байгаа биш гэдгийг Сэргэлэн ухаж байв.
Нэг удаа Сэргэлэн ажлаасаа буухад тэргэн хий нь хамсайчихаад байлаа. Тэргээ түлхсээр өвгөний тэнд очиход өвгөн юм хумаа хураан тэглэж харих гэж базааж байв.
– Дугуйн хий нь гарсан гэж Хятадаар хэлтэл:
– Энд тавьчих гэж Монголоор ярина.
– Монгол аав байна шүү гэж Сэргэлэн дуу алдаж баярлав.
– Эвгүй боллоо, аав та гэртээ харих гэж байсан биш үү?
– Би одоо харьчихвал та яаж харина даа, хүүхээн.
Өвгөн маш дадамгайгаар тэрэгний гум хүрдийн цоргыг авч, гум хүрдийг тайлан гэдсийг нь гаргаж хий юүллээ.
– Мөндөө ч би энэ усыг асгаагүй байжээ гээд түмпэнтэй усандаа тэргэн гэдсийг хийж аажим эргүүлсээр ус сүршиж байгаа сүвийг олоод авлаа. Тэгээд хийг нь тавьж, зүтгүүр тэргэнд тээгээд байсан юм хумаа онгичин хуурай, хайч, гум өөдөс, цавуу тэргүүтнийг гаргаж, тэдгээр мойног хуруугаар гүйцэтгэж байна гэж итгэж ядмаар дадамгай нь аргагүй нөхөж эхлэв. Энэ бүх явцад өвгөн Сэргэлэгийн хоорондох ярицаа нийдэм явагдаж байлаа:
– Аав та яагаад намайг Монгол гэж мэдсэн бэ?
– Мэдсэнгүй ээ, ирсэн бүхэнтэй урьдаар Монголоороо ярьж төхөөрөхгүй бол сая Хятадаар ярьдаг. Сэргэлэнгийн дотор ямар нэг юм зүрхэн тушаа нь шивээд авах шиг болов. Хэдэн Хятад үг сурмагц Монголчуудтайгаа ч Хятадаар ярьдаг зарим залуучууд бодогдоход энэ өвгөн нэн хүндэтгэлтэй санагдана.
– Аавын нас сүүдэр хэд болов?
– Далан гурав, хадан гэртээ ойртчихсон насаа, хүүхээн.
– Орлого зүгээр үү?
– Цаана бас нэг дугуй засдаг хүн ирчихээд ажлыг хуваалцах болчихлоо, үгүй бол зүгээр байсан шүү, ядуу бүхэн өөр үү дээ, тэр ч нэг ажил алдсан хүн гэнээ, хөөрхий, би ч бас өдөрт арав хорин төгрөг олчихно. Муу омбол охиныхоо сурлагын сүйтгэлийг дөнгөчихсөн, гэхэд энэ сургуулийнх нь авах ч хэцүү юмаа хө.
– Таны хүүхэд чинь ямар ажилд байх вэ?
– Гурван хүүтэй, их хүү Хөх хотод ажилладаг, амьдрал нь болчихно гэхэд мөн хүүхэд нь сургуульд байх юм. Хоёрдугаар хүү бэртэйгээ хоёул уул нь энэдэх нэг үйлдвэрт ажиллаж байсан юм. Одоо хоёулаа ажил алдлаа. Хүү тэрэг зүтгэж, бэр жаахан бээлий оймс худалддаг ухаантай. Ганц охиноо Хятад сургуульд өгсөн чинь энэ хураадаг сүйтгэлийнх нь арвин гэж ээ.
– Яагаад Монгол сургуульд хүргэхгүй вэ?
– Юу гэхэв дээ, өөрсдөө бичиг сударт нэвтрээгүйнх гэхүү дээ, учир ёсонд нийцэхгүйг бүү хэл, зоос мөнгө гаргах нь ч амаргүй, хүүхээн. Энэ хотод ирээд Хятад үг хэлж чадахгүй гачигдсан гэнэ, тэгээд хүүхдээ Хятад үгэнд цагааруулах гэнэ, тэгсээр яахав? Хүүхэд нь надтай ч Хятадаар шулганах юм, зайлуул. Харин бага хүүгийн хүүгээ Монгол сургуульд үзүүлж байна, зоос их авдаггүй бөгөөд хүүхэд ч номтой юм аа хөөрхий.
– Бага хүү чинь бас энд байгаа юу? Өвгөн уртхан шүүрслээд:
– Ирээд хагас жил болж байна, аргагүй шүү, жил дараалан гандаад тариандаа оруулснаа ч олдоггүй. Одоо мал харыг нь бүр хорьчихлоо. Хүн нь идэхдээ зөвгүй юм гэнэ, малын тэжээлээ яадаг юм, мөн л энэ идэгдэж барагдсан газраасаа авна биз?
– Бага хүү чинь юу хийж байгаав дээ?
– Юу л хийх вэ, мэргэжил байхгүй, бэлэн мөнгө ч байхгүй. Мөн л тэрэг зүтгэж буй. Зүйлийн тэрэг ч олдлоо, үйл тамаа бараад амьдарлаа л дөнгөж байна. Харин суух гэргүй нь хэцүү байна, мундаа ч хөдөөгийн хүүхэд хотод бичиг үзэх болж хүүгийн түрээсэн гэртээ хэдэн хүүхэд авч суун бэр хоол будаа хийдэг. Үгүйсэн бол гэрийн түрээсээ ч тушааж дийлэхгүй байх.
– Аав та бага хүүтэйгээ хамт ирэв үү?
– Би ирээд хэдэн жил болчихжээ, хоёрдугаар хүүгээ ажил алдмагц иржээ.
– Тэднийг хавсархаар ирэв үү?
– Тэгэлгүй дээ, миний энэ жаахан зоос байхгүй бол омбол охины сурлагын сүйтгэл ч хэцүүднэ дээ.
– Та тэгээд тэрэг засах мэргэжлийг тусгайлан сурав уу?
– Амьдарлын эрхэнд хүн юуг ч сурдаг. Аав нь залуудаа буу үүрч явсан хүн, Тввдийн үймээнийг дарах тэр дайнд ч мордож байсан ...... гээд шүүрс алдав.
– Төвдийн тэр дайнд та биеэрээ оролцож байлаа гэжүү?
– Оролцсон, хамт мордсон ханиа ч алдаж өнгөрсөн, цэргийн сургууль төгссөн сайхан залуу сан. Чандрыг нь ч эрж олоогүйгээ бодоход дотор харамсдаг юм. Насан турш үүнийхээ төлөө зовж явна, аав нь ...... Сонсохлоор ганц хүүхэн нь ч ажил алдсан гэнэ, тавь шахсан бүсгүй хүн одоо юу хийж дийлнэ вэ, би ч тэтгэчих чадал алга.
Өвгөн сэтгэл хямарсан бололтой дуугүй болсонд Сэргэлэн эвгүйрхэж:
– Уучлаарай, ааваа, би таны сэтгэлийг хөндчихлөө ч юм уу?
– Хаанаас даа, насан турш юу эс үзлээ. Зовох зүйлийг ярьсан ч эс ярьсан ч дотор шаналхаа алдахгүй.
Энэ үеэс тэрэг ч засаж барлаа, дугуй тэрэгний урсгал ч татарлаа. Сэргэлэн бодолд автан гэртээ хариад хоол будаа хийж унтаж хэвтхэд ч өнөө өвгөний дүр тархиаа бүртэлзэж, амь нас оршил тогтнолын тухай олон юм бодогдуулна. Мөн тэр өдрөөс эхлээд тэр Монгол өвгөн Сэргэлэнд ойр дотно санагдаж зав олдвол бас зоогдмоор санагдана. Амьдарлын эрээнд хэдэн арван жил нэг байгууллагад ажиллаад бие биетэйгээ үг хамраа ололцдоггүй хүмүүс байхад ганц удаа учирч хэдэн үг сольсон хүнтэй ер бодсон санаснаа эрээ цээргүй ярья гэж санадаг миний жам ч биш зуршил ч бишээ, гэтэл ийм үзэгдэл хүнтэй газар бүхэнд оршиж байдагсан. Нэг орой Сэргэлэн өвгөний хажууд тэрэгнээсээ буухад:
– Яахав? Тэргэн хий чинь суларчихав уу гэж тэрэг засаж сууж байсан өвгөн гүйн бослоо.
– Үгүй ааваа, тантай хэдэн үг зоогдъё гэсэн юм.
– Тэг хүүхээн. Над шиг нүхэн амсараа шагайсан өвгөнийг бас голохгүй зоогдъё гэх залуу хүн байна гэжээ! Аавынх нь дотор ч чиглэрээд ер хүнтэй зоогдмоор санагддаг юм шүү. Өдөр туж уулзахгүй хүнтэй уулздаг ч хэн нь нэг муу өвгөнтэй зоог зугаа дэлгэнэ вэ.
– Төвдийн үймээн гэж та тэр өдөр ярьлаа. Тухайн дайны талбарт нь та оролцож байсан юм уу?
– Оролцсон, амьд буцаж дийлэх эсэхээ ч мэдэхгүй, зүгээр л даргын дохилтоор явж байлаа. Хэцүү юм, хүүхээн. Төвд улс гэгч аймаар хүмүүс шүү. Хөлхөлзсөн уужим тэрлэгт нь хоёр хүүхэд багтана, урт ханцуйнхаа нэгийг тэрлэж нэгийг хучаад хээр гадаа таатай унтчихдаг.
– Тэрлэг нь нэг майхан гэсэн үг дээ.
– Тийм шүү. Тэгээд эрэгтэй эмэгтэй хөгшин залуугүй бүр цэрэг гэж мэд. Нялх хүүхэддээ аманд нь өөх өмхүүлж арьсан тулманд хийгээд сарлагийн хүзүүнд дүүжлэн сарлагаа ууланд гуядаад оруулчихвал хүүхэд өлбөрч осгоно гэж байхгүй. Эцэг эх нь хорио тушаагүй байлдацгаана. Нэг удааны тулалдаанд манай суманд шархдаж унасан нэгийгээ аврах гээд Төвд хүмүүс бараг амиа авахгүй догширч дайрч шархдсан хүнээ булаагаад авааччихлаа, хөөрхий.
– Маш ширүүн тулалдаан гэсэн үг дээ.
– Хэлэх юм уу, алсынх нь бартаа бэрхтэй гэгч, бууны сум чухам хаанаас шуугин ирж байгааг мэдэхгүй шүү, хүүхээн. Манай морьт цэргийн 13 дугаар хороо ороогүй бол Төвдийг төвшитгөнө гэгч байхгүй хэрэг. Харин манай Монгол цэргээс баахан хүн үрэгдлээ.
– Таны хэлдэг найз чинь дайны дунд эндсэн юм уу?
– Тиймээ, Түнтиан хэ голыг гэтэлж Хөх шилийн хүнгүй оронд Төвдчүүдийг хөөж явсаар тэдэнд бүслэгдэж арван хэдэн суманд оногдон нас барлаа гэж мэдээлсэн юм гэснээ залгаад:
– Мордоход нь ганц охин нь сая хоёрхон настай байсан гэнэ. Дөч гаруй жил боллоо. Үрэгдсэн баатрын хойчис гэж чулуун тосон компанийн зочдын буудлын үйлчлэгчээр ажиллуулжээ. Өмнө хэдэн жил ажил алдчихлаа гэнэ. Одоо гэхэд юуны баатар энэ тэрийг хэлэлцэх цаг биш л ......
Өвгөн гуайн үнэхээр бухимдаж агсан бололтой, сэтгэл догдлон ярьсаар хэн ч мэдээгүй бүрий болчихлоо. Сэргэлэн бодолд дарагдсаар гэртээ харив. Замын хажуу дахь хоёр удаагийн ярилцаа яагаадыг бүү мэд, дайн дажин, энх тайван, цөөн тоот үндэстний харьцаа, ард иргэдийн эрх чөлөө зол жаргал, үндэстэн ястны оршил тогтнол гэхийн үнэн утгын тухай хариулж ядах хатуу сэдвүүдийг Сэргэлэнгийн өмнө дэлгэлээ.
Гаригийн нэгний өглөө Сэргэлэн албан гэртээ буцалсан ус аваад иртэл:
– Хүлэн эгчээ, миний өчигдөрийн авсан хувцсыг үз гэсээр хажуугийн тасгийн Шиао Ли гэрэл татуулан ороод ирлээ. Сонгинын гол мэт шаргал ногоон, өвдгөөс нь арай буусан өмд, тулсхийсэн шаргал дээл: Шиао Лигийн цав цагаан царай, улаавтар ширээр будсан гэзэгтэй нь өнгө зохицон дэгжин нь аргагүй.
– Яасан гоё вэ, алив, нааш зогс, Монгол хүн гартаа нүдтэй шүү гээд дээлийн хормойноос нь тэмтэртэл:
– Ямар уу, Хүлэн эгчээ? гэж Шиао Ли магтаал сонсох гэж яарна.
– Хувцас ч дэгжин л дээ, гэтэл хаанаас манай Шиао Лигийн хэр гоё байна вэ гэж Сэргэлэн хувцас ба эзнийх нь алийг нь ч гомдоолгүй хэлсэнийг:
– Бас хэдийг зарав? гэхэд:
– Чи тааж үзээч дээ гэнэ.
– Хямд эд биш шиг байна, би тааж гарахгүй гэхэд:
– Эдий шүү гээд Шиао Ли таван хуруугаа сарвайв.
– Тавь гэв үү? За нар баруунаас гархана уу?
– Юуны тавь бэ, таван зуу байхгүй юу, тусгай худалдаанаас авсан шүү дээ. Ай, “Эмэгтэй хүн хэзээд нэг зах хувцас дутаад байдаг” гэдэг үг ёстой оноож хэлсэн үг дээ. Ер нь өмсөх юмгүй санагдах юмаа.
– Хүүе, Шиао Ли, та бас өмсөх юмгүй санагдана гэж үү? Надаар хэлүүлбэл, та одоо өдөрт нэг зах сольж өмссөн ч жил турш давхардахгүй байх.
– Ээ, болио, боль! Хаанаасаа өдөрт нэг солих вэ, хоёр гурван өдөрт нэг солиход хүрэхгүй байхаа. Итгэхгүй бол хэдэн өдөрт давхардалгүй сольж өмсөн чамд үзүүлээд өгөх үү?
Энэ үеэс гаднаас орж ирсэн Хөгжих юм хумаа тэглэх зуураа:
– Сольж өмсмөөн хэдий байхыг үзэхээрээ байгаа хувцсаа тоолвол мэдчихгүй юу гэтэл:
– Чихүү ахаа, та нэг цагаан алтан бөгж зүүчихээюү, одоо эрэгтэйчүүд бөгж зүүх дэлгэрч байгаа шү гэж Шиао Ли алмас шигтгээтэй бөгжөө харсаар хэлнэ.
– Авгай маань ч зүүхгүй шүү дүү минь. Ах нь одоо хүүхнээ сургуульд нь яаж эвлээж явуулъя гээд хэцүүдэж байх юм гэхээр гурвуулаа дуугүй болов.
– Би Жан эгч дээр очино гээд Шиао Ли дуу аялсаар гарлаа. Хөгжихийн аяархан шүүрс алдах сонсдоно. Сэргэлэнгийн дотор мөн өнөөх ганц зурвас сүүдэр, нэг сандал, нэг цом цай бодогдоно ......
– Сэргэлэн, өчигдөр А салаан даргын найрт та яагаад очсонгүй вэ?
– Ямар найр гэж? Би мэдсэнгүй шүү дээ.
– Гэр мялаах найр.
– Шинэ гэртээ хийсэнүү? Гэр нь гоё л байхаа?
– Шинэ зуун хоолон гэрт хийжээ. Шинэ гэрийг нь очиж үзлээ. Бид чухам нэг “Соёлыг гайхав” гэдэг нь болж дээ.
– Сайхан гэгчийн ухагдахуун ч адил биш дээ.
– Та туулж өнгөрөв үү? Үүднийх нь өдий хэр дөрвөлжин хавтас нь ч найман зуун зоос хүрнэ гэнэ шүү гээд Хөгжих гараараа дөчин сантиметр орчим дөрвөлжлөн заалаа.
Сэргэлэнгийн дотор мөн ганц зурвас сүүдэр, нэг сандал, нэг цом цай гялсхийлээ. Тэр гэснээ өөрийнх нь дөнгөж долоон сархан байгаа жижиг орц нь бодогдно: Хоёрхон настайдаа ааваас салж дунд насандаа ажил алдан зүдүүхэн амьдарч байгаа “Баатрын хойчис” – Монгол бүсгүйн амьдрал ч бодогдлоо: Зоос мөнгөөс болоод сурлага алдаж байгаа хүүхэд ч бодогдлоо. Оройхон хотод ирсэн Монгол сэхээтдын тогтмол хэв шиг амьдрал Сэргэлэнд саруул орц, таатай амьдрал өмсгөл заслыг бодох чөлөө яг өгөөгүй. Гачигдал зүдрэлд нь тайтгаруулал болох гэсэн шиг өнө ганц зурвас сүүдэр нь сүүдэр болж нэтийгээгүй, харин гэгээ болж гялбан байлаа. Дотор нь гийх шиг болж юу нэгийг ухаармаар санагдана. Ой ухааных нь нэг гогцоо энд сая хэлхээс болж залгалджээ. Тэр өвгөний биеэс өчүүхэн ч илүү гарахгүй нарийхан сүүдэр нь ямар ч дарга дээдсийн өршөөл соёрхол биш, харин түгээмэл гэрэлт наран хөөрхий өвгөнд гэрэл элчээ хангахын дагуу хүртээн олгосон хайр ивээл байна. Үхэл мөхлийг давж яваад ч олж чадаагүй хүртээл юмсан. Шатам нарны доор аварга шаншийн сүүдэрт сэрүүцэхийг хэн маань хүсэхгүй билээ? “Ү түн шү мод нь үүгээд” сая унадаг оронд аварга шанши сүүдэр ч үгүй арилжээ. Гэхэд олдсон энэ зурвасхан сүүдрийг хэрэгсэхгүй болоогүй хойно, Шиао Лигийн гоё заслын баясал, А даргын хээнцэр ордонд саатахын жаргал ба өвгөнд хүртээсэн зурвасхан сүүдэр харьцуулагдан бодлогшруулна. Настайчуудын ярьдаг “Чоно ам амаараа мах идээд бас өлөн дажин явахад шоргоолж чийг шорооны шимээр ч цутгалан амьдарчихдаг” гэдэг үг ёстой ч болов уу? гэхэд чийг шорооны шим нь ч хангалтгүй бол яана билээ ......
Үзүүр төгсгөлгүй олон бодолдоо Сэргэлэн дарагдан суутал:
– Чихү Хүлэн! Хуралдах гэж байна! гэх дуу гудмаас чих хадна.
Дуудах нэр ч юмуу, дуурсах алдар ч юмуу? Энэхүү эрэмдэг нэр эрээн бараан амьдралын дундах эвлэрлын төлөөний тэмдэг болж нэгэнт шигээчихсэн агаад ганц зурвас сүүдэр шиг гуа таашаалыг Сэргэлэнд хэзээд олгож чадахгүйг бүү хэл ер өөрийнх нь нэр биш шиг санагдана. Гэсэн ч бусдын санаан доор аяга тосоо хойно яахав, нэрийн орцогт дуудагдаж “Чихү”, “Хүлэн” бослоо.
2002 оны зун “Цээлийн өндөр” өргөөнд
No comments:
Post a Comment