Гарах зам

Гарах зам
“Хөл байвал зам байна” гэж хэн урьдаар хэлсэн билээ? Хэн хэлэхгүй ч хөхөмдөг бөмбөрцөг дэх зам харгуй хөлийн мөрөөс л буй болсон. Одоо болоход гарах замгүй битүүмжлэгдсэн битүүрсэн цөөн бус хүмүүс гар нухлан гачигдана – Тэд хөл доор нь юу буй гэгчийг нэгэнт мартжээ.
Манай тооллоос мянган гаруй жилийн өмнө Дунху Хүннү гэх дээдэс минь умардын өндөрлөгтөө сүртэй сүлдтэй оршин амьдрахдаа гарах замгүй гэж бухимдаж үзээгүй. Тэднээс салбарлаж гарсан Сямби (Гианби), Тоба, Хоу хан (Ар аран), Мү хүнчүүд ч гарах замгүй гэж дэнцүүрц үзээгүй.
Тэд отгийн хасаг сүргийн туурайгаараа амьдарлын замаа тасралтгүй нээж, хадан дээр соёлоо сийлж, түүхэн дээр нэрээ бичиглэж явсныг гажуу түүчид ч үгүйсгэж эс чадна. Ойр төсөртэйгээ ахин дахин дайлалдаж, их гүрнийг ч дагжуулж явсныг ганган хүүхэн Жао Жины булш гэрч болж байгаль нийгмийн хооронд дурайсаар. Хүний орчлонд хүчирхэг дорой аль нь ч мөнх бус хойно, “Эрэг нурж эр энддэг” ёсоор Хүннү Дунху нар хүчирхэг буурайг зэвсгээр бичиглэх явцдаа шороо үмхэх тавилангаас гарч чадаагүй. Айлсан хөршилсөн Түркчүүдтэй хямралдаан болж дайтахдаа хүлэг нь цуцаж, хүч нь мөхөсдөн аллага хядлагаас арай гэж хоёрхон аймаг – Хиан Нүгүс зугатан гарлаа. Байгаль дэлхийгээ дээдэлж амьдардаг тэр баатар ястны удам угсааг таслахгүй гэж, нарт хорвоод хүн байгалийн шүтэлцээг уламжлах гэж өрлөг уул Эргүнэ хунгийн энгэрээр ирлээ, үргэж натгаад ядарсан үрсээ тэврэн өмгөөллөө ......
Дөрвөн зууны өдөр хоног нар хуртай байлаа, нармай их Эргүнэ хун л хайр бялхаж байлаа. Нахиалан төлжих ургаа харгай мэт Хиан Нүгүсинй үрс нарлаг тэр уулыг дааж ядтал үржлээ. Өрцөө ярж багтаасан уулс нь өмгөөлөн авсан боловч өнийн их үйлсийг жирэмсэлж ядна. Эн өргөн дэлхий хурай хурай гэж дуудна, өвөг дээдсийн нутаг нь ир ир гэж даллана. Хорвоо харахыг хүссэн хүмүүс гарах зам хайхад холболдсон оргилууд битүүрэн зам мөр бөглүү. Хан дэлхий эдийхэн биш, хатаж битүүрэх заяа биш, хамтын хүчээ нэгтгэе, хааш ч гэсэн гарах зам олдоно ......
Ахимаг настан төлөвлөж, ард олон хөтлөлцлөө. Долоон зуун эрсийн арын хөлс урсан урсан, далан үхрийн арьсан хөөрөг хүржигнэн хүржигнэн, царс хайлс дүрэлзэн дүрэлзэн, цахиур чулуу хайлан хайлан, хүн байгалийн хайр уусан уусан, гаръя гэсэн хүсэлт нь газар тэнгэр уясан, дийлнэ гэсэн итгэлд нь дэлхий ертөнц хотолзож, эх болсон Эргүнэ хун дөрвөн зуун жилийн өмнөтөй адилхнаар энгэрээ ярав – Энхрийлж өсгөсөн үрсээ өргөн дэлхий зүг нисгэжээ ...... Уул толгод нээгдэн тавигдаж, урай дуун дэлхийг доргиулж, Хиан Нүгүсийн хэцүү үрс нутгаа чиглэн цуварлаа, дээдсийн алдартаа гутаал хүргэсэнгүй ялалтдаа баяслаа. Онон Хэрлэн Туул уртын дуу дууллаа, өвгөн буурал Бурхан Халдун бэлгэт ерөөл хайллаа. Бөртэ чоно Гоо марал тэнгис гэтэлж иржээ, бүх Монголын гарах замын эхний цуваа өлгөгджээ. Тэр аян урт байж, түүний дараах хэдэн зууны турш “Одтой тэнгэр орчиж, олон улс дайлалдан” бутран задарсан аймаг бүлгүүд очих замаа өөрөө бөглөцгөөж байлаа. Харагдашгүй бутрал сарнилын хорио саадаас гарах зам хайх чухалтай ч байсан, үгүй бол “Цээлийн ус ширгэж, цэгээн чулуу хагарсан” чигтээ Монголчууд гэж түүхэнд үдэхгүй болж дуусах нь. Тэнэг түүхий үрсийнхээ томоо тэнхээгүйг харсаар мөнх тэнгэр хилэгнэж, Богд эзэн Тэмүжинийг Есүхэйн хөвгүүн Монголын эзэн болгож заяалгав. Асар хурмастын хурайллагаар арван гуравдугаар зууны утаа мананы дунд мянга мянганд өөр байхгүй Богд эзэн Тэмүжин дэлхийг атгандаа хураах гэж нөж атган төрлөө. Тэр цаг үе Хиан ястны харанхуй үе байсан, халамж тусламж ч үгүй, өнчирмөл үе байсан. Гэсэн ч тэд хөл доор нь юу байдгийг мэднэ – Цатгалан могой шургах зайгүй эгц ойд далдлахдаа цэнхэр огторгуй шиг уужим саруул зам байхыг итгэж байжээ. Тулж ирсэн хатуу тавилан бүхнийг туулан тэмцэхэд арван гуравдугаар зуун Монгол хүнийг агтын нуруунаас өргөн алтан дэлхийн түүхэн нуруунд мордууллаа. Бөмбөрцөг дэлхий агшиж олон ястан айл хөрш бололцсон – Хүн төрөлхтний түүхэн дэх харьцуулагдашгүй уужим дардан зам Монгол хүний өмнө нээгдлээ. Тэр замыг Монгол хүн агтын туурайгаараа нээсэн, оюун ухаанаараа нээсэн, ашид буцаж няцашгүй итгэл нягтралаараа нээсэн.
Их хайр дэлгэрчээ, их буян дэлгэрчээ. Тэр буяны өвд Монгол хүн шигдэн, үүрэглэнхэн, сэрэнхэн, дөрвөн зууны ноёрхол шувтраандаа ороход нэгмөсөн нэвширтлээ унтаж орхижээ.
Хорин нэгдүгээр зуун ирлээ. Хорвоогийн судас нэвтэрч, олон ястан дахин айлсан хөршиллөө. Унтсан эр нэг сэрэхэд ямар болсон гэж санана – Бэлчээр ч байхгүй, сүрэг ч байхгүй, хайр ч байхгүй, сөс сүг ч байхгүй ...... Гараа нухлан гачигдах тавиланд бүр цогцоороо уналаа ...... Хааш гарнам? Хаа хүрнэм?
Арван гуравдугаар зууны ширүүн урсгалаас эх авсан хорин нэгдүгээр зууны дэлхийчлэлийн үер иврэн дайрахад, сэрүүн нойрмогийн хооронд агсан Монгол хүн дэгдэн тунаж мөхөх сөнөх аюул дэргэд нь ирчихсэн байв. Энэ үеэс соёл нь завь болж, үсэг бичиг нь дарвуул болж, үг хэл нь сэлүүр болж өглөө. Тийм боловч эмээл хямралд автсан хүмүүс үерийн урсгал даанч ширүүн гэж сүрдэн, өнчин завт даанч аюултай гэж чамлахыг яана вэ? Хол биш цаана олом байна, эрэг байна, нарлаг уудам хорвоо байна. Харалган хүмүүс эдгээрийг хараагүй, тэд эмээл сүрдэлдээ унаж тулж ирснийг тоолж гарахаас биш тойрч гарч болдоггүй хорвоогийн энгийн ёсыг ч мартжээ. Тэгээд их алдааг цээргүй гаргацгаалаа ......
Өөрийн үг хэл үсэг бичгээ голч Нанхиад хэлийг тав зургадугаар аялгуугаар ярихаа чадварт үзэх боллоо. Үр хочсийнхоо үг хэлийг хаяуллаа. Бодол санааны будант цөлд төөрч тэнэхдээ, өөрийн биеэ хэн гэгчээ мартаж, үр хойчис ямар болохыг бодох тар ч байхгүй болжээ. Тийм мөртөө үүнээ гарах зам эрж байна гэж элий балай бодож ээдэрч тэнэдэг боллоо. Үг хэл үсэг бичгийн аль нь ч байхгүй нэг хүнийг дэлхийн тавцанд зогсоочихлоо гээд өөр би нь ямар сэтгэлгэтэй байж, хэн гэж омголон танилцуулъя даа?
“Чадвартны зах дээр Монголоор сурагсад байргүй” гэдэг яриа салаа замын уулзвар дээр тээнэгэлзэж байгаа хүмүүсийг сэтгэлээр унагаж хаялаа. Захын аж ахуй гэгчийг үнэхээр ганц хэлээр амьдардаг аж ахуй гээд ойлгочихвуу даа, хөөрхий. “Бээжингийн залуучууд сонин” (2002 оны 1 сарын 14-ний хэвлэл)-д “2002 оны 1 сарын 4 – 5-ны өдөр Шэнжэнд болсон чадвартны зах дээр 1.5 түмэн ажлын байрыг 10 түмэн оюутан өрсөлдлөө” гэж мэдээлжээ. 20 хүнээс гуравхан нь томилолттой гэсэн үг. Тэнд Монголоор сурсан оюутан хэдэн хүн очлоо гэж дээ. Манай “мэргэд” бас хэлний асуудал гэж тайлбарлах болов уу? Өөрийн өссөн орчин, үр хүүхдийнх нь өссөн орчин жич өнөөдрийн амьдарч байгаа орчноо огт ойлгохгүйгээр үр хүүхдээрээ туршилт хийдэг. Мандухай сэцэн хатны тангаргийн шүлэг дэх “Өргөж болохгүй үүд гэж баймой, давж болохгүй босго гэж баймой” гэдэг сургаалыг бид үеийн үе ойлгож уламжлах чухaлтай шүү дээ. Айх хичээх юмгүй хүмүүс олдсон зайдаа дураар туйлсаар байгаль дэлхийгээ эвдэж гүйцлээ гэхэд одоо бид бас хэл соёлоороо туйлж түйвээх болоогүй юу.
Өөрийн хүүхдийнхээ хувь тавиланг шийдэх ч яахав, соёл суртахууны нинжин сэтгэл чинь арилчихсан бол санаагаараа савж бололгүй. Гэтэл хувийн дуршлаараа үй олон ардын хүүхдийн хувь заяаг шийднэ гэгч ямар тэнэг түүхий юм бэ?
Арван гуравдугаар зуун, хорин нэгдүгээр зуун, түүхийн мянган давхаргын цаана наана судас нэвтрэхийг дэлхий дахины эрдэм төгс хүмүүс мэдэрч байна. Кореагийн Ким Жонрэ авгай Кореа улсад нь тулгарч байгаа хямралыг туулуулахын төлөө өвөг Чингисийн тухай бичлээ. Харь хүн манай түүхээс тамир залгах гэж байгаа шүү. Өөрийн өв болсон тийм агуу түүхээсээ бид шимийг нь шингээн авч чадахгүй нь шинэ зууны Монгол хүний ичгүүр биш гэж үү?
Агшиж уялдсан энэ дэлхийд Монгол хүний зам хөл доороос нь суналзанхан байна, эх хэлээр нь нээгдэнхэн байна, өв соёлоор нь саруулзанхан байна. Харин та олж харахгүй, олж харсан ч огт тоомсорлохгүй юм бол ч яахав, гараа хүлүүлж хөлөө ороолгон, “Гарах замгүй ......” гэж гашуун шүүрс алдалгүй.
2003 оны 10 сар “Цээлийн өндөр” өргөөнөө

No comments:

Post a Comment