– “Байна уу, байна уу?”-г уншаад зохиогчид хариулсан
1. Та өөрөө голдуу ямар хэлээр, ямар бичгээр, ямар соёлоор амьдардаг вэ? Одоох орчин болон ажил амьдралдаа хэр зохицож байна? Үүнийхээ тулд баярладаг уу? Зовдог уу? Зохицуулах шаардлагатай байна уу? Яаж хийх шиг?
Хариу:
Би өөрөө Монгол хэл, Монгол бичгээрээ амьдардаг, харин Хятад соёлоор л амьдардаг гэх үү дээ, зориуд хөөцөлдөж байгаа Монгол соёлын амьдрал минь амьдарлын бүр агуулгад тун ялимгүй зайг эзэлнэ: Одоох орчин, ажил амьдралдаа зохицохгүй байна: Үүний тул зовдог, ер хамгийн их зовлон бол энэ мөн. Зохицуулах шаардлага байх төдий л биш, харин үүний төлөө амь нас аливаа зориулсан ч яахав.
Яаж хийх гэдэг л лут асуудал байна, одоохонд нэг сэхээтэн нэн бодитой юу хийж дийлэх билээ? Хийх чухалтай зүйл олон байна, харин хийж дийлэх нь цөөн байна. Ухуулга хийж хүн зоноо уриалах талаар анхаарч явна, үр ашиг тун бага, харамсмаар ......
2. Та болон хот усны хүмүүс чинь өөрөө засах эрх ашгаа хэр эдэлж байна? Хүн ер нь хуулийн хамгаалалтад хэрхэн хамрагдах ёстой гэж үздэг вэ? Хөгжилтөд хэр нөлөөтэй болж мэднэ?
Хариу:
Тун хангамжгүй, цаашлан өөрөө засах эрхийн шаарыг хүний шанаганы доороос тосч хоосон аягаа барьж сууцгааж байна, тэгээд хэзээ нэг өдөр нэг дусал шүүс аяганд ордог бол гэж хоосон аягаа тосч байгаа хүмүүс нь бараалаж, нэг дусал шүүс олж уучихсан нь жаргаж байна гэж сэтгэл ханаж байна: Хуулийн хамгаалал гэгч энэ орон зайд хол байгаа явдал, харин хүн болж төрсөн бүхэн хүний эрхийн талаар баталгаатай байх ёстой гэж боддог. Одоогийн байдалд ямар ч хууль манай эрх ашгийг туйлбартай хамгаалж чадахгүй, иймээс хөгжилтөд нөлөө болох ч бас арай болоогүй л дээ. Жинхэнэ ардчилалтай цаг үе ирвэл арай одооноос дээр болох болов уу, гэвч бүслэн шахсан эрүүнүүдээс салахгүй бол ямар ч хөгжилт байж чадахгүй гэж бодож байгаа учир өнөөдрийн хуулийн хамгааллаар үндэстнээ аврах гэж хий хүсэхгүй болсон байна.
3. Таны ойлгосоноор Монголоор хичээллэх эл дэсийн сургуулиуд яаж байна? “Хорооллын сурган хүмүүжил”-ийн онолд үндсэлвэл Монгол сургуулийн зохицолт ямар шиг байх хэрэгтэй вэ? Хүний зөв хөгжилт гэж ер нь ямар шиг байж таарах вэ?
Хариу:
Тэлчилэлт хийж байна, онцгойлон албан журмын шатны Монгол сургуулиуд ёстой орших тогтнохын их сэдэвт тулгараад байна, тэгээд өөрөө хариулж чадах ч биш дээ, толгойгоо мэдэхгүйгээр хориулна гэдэг ч хоосон яриа л төдий ...... Монголчуудад өөрийн хороолол гэж байхгүй, насан туршийн хүмүүжлийн суурь болох хорооллын сурган хүмүүжил нь одоох Хятадын байдалтай ч зохицохгүй шүү дээ. Монгол сургуулиудын аль талын ажил ч Хятад сурган хүмүүжлийн сүүдрээс зайлж чадахгүй байна. Хүний зөв хөгжилтөд юуны өмнө сайн хүн болох хүмүүжлийг олж хүртэх хэрэгтэй, дэдэлбэл, үнэнийг баримтлах, үнэн ёсыг хайх хүмүүжил олж хүртэх хэрэгтэй, дахивал, хүний хөгжилтын адил бусыг мэдэрсэн орчин тойронд хүмүүжигдэх хэрэгтэй. Тэгсээр урам сэтгэлгэ ба ой ухааны асуудал аяндаа шийдвэрлэгднэ.
4. Дэлхийн дэсийн шилдэг Монгол соёл гэж юу вэ? Өвөрлөгчдөд энэхүү дээд зэргийн заншил нь хэр өвлөгдөж байна? Муугийн зан биш бол яаж зөв уламжилж, зөв сурталчилж, зөв хэрэглэх ёстой гэж ойлгож байна.
Хариу.:
Байгалиа дээдэлж, нутаг усаа хайрлан, байгалийн жам журмыг журамлаж, амь насыг эрхэмлэн, түгээмэл хайраар амьдралд ханддаг соёл иргэншил. Өвөрлөгчдөд өвлөгдөж байгаа хэмжээ нь жил ирэх тутам багасч байна: Өв соёлоо уламжилхад юуны өмнө гэр бүлийн хүмүүжлээс гардах хэрэгтэй, хүүхэд өсөх насандаа эх соёлын орчинд ухаан тамираа сэлбэж томоожих хэрэгтэй: Тэгвэл, сургуулийн хичээлээс эхлээд олон зүйлийн хөдөлгөөнд санаачлагатайгаар Монгол өв соёлын тухай агуулгаар хүүхдийг нэрвэн нөлөөлөх хэрэгтэй, зарим сургууль зан үйлийн хичээл хийж байгаа нь баярлууштай: Нийгэм дээр, амьдрал дунд Монгол сэхээтэд залуу багачууддаа хэв дүрэм болох хэрэгтэй. Харин хэдэн Хятад үг хэлж чадмагц эх хэлээрээ ярихгүй болдог хүмүүс яасан ч хүүхдэд сайн нөлөө үзүүлж чадахгүй. Тэдгээр өөрийн биеэ ч итгэдэггүй хүмүүс бусдад яаж урам хайрлаж чадах билээ?
Зөв хэрэглэхийн хувьд, зарим хүмүүс амь ахуйн тэцвэрийг хамгаална гээд Монгол хүний үеийн үе тэжээн ирсэн ямаа, цаашлан таван хошуу малаа ад үзэж байна: Өөрийн хэл соёлоо эрхэмлэхгүй, харин саармаг хэлээр ярих, элсэрхэгжлийг засах юм гээд бэлчээр дээр ойжуулах ...... гэх мэтийн балай ажиллагааг хийхгүй бөгөөд бас чадахын хэр хориглож байх хэрэгтэй.
5. Монгол хүүхдээ хэзээ ч ямар нөхцөлд ч хайлж уусахгүй болгон боловсруулах боломж бий юу? Тэр ямар хэрэгтэй вэ? Яаж биелүүлэх вэ? Бүх өвөрлөчиддөө хандаж төсөв хийж үзэхгүй юу?
Хариу:
Монгол хүн өөрөө ухамсарладаг л бол боломж байна: Нэг үндэстний оршил тогтнолыг баталж чадна гэсэн үг шүү: Монгол хүний бүх ардын ухамсарт суурилсан засаг явуулах хүн байх хэрэгтэй, одоогийн төрөө алдсан Монголчуудад засаггүй байгаагаас зөвхөн хүмүүсийн ухамсрыг түшиглэнэ гэдэг бол тийм найдаргүй явдал. Онцгойлон харь соёлын түрэлтэд учирч хямрлын дунд тэлчилж байгаа хүмүүс хэн бүхэн заавал өндөр ухамсарт хүрсэн байх хэрэгтэй гэвэл ойлгомж муутай. Харин сэхээрсэн хүмүүс уйгагүй чармайж, өргөнөөр ухуулга хийж, Монголчууд наад зах нь өөрийн үр хүүхдээ Монгол сургуульдаа хүргэх болохыг санаачлах хэрэгтэй. Хорвоогийн зайд элэгдэж барагдахгүй юм ховор, хөмөрсөн тогоо ч элэгдэнэ, тэр элэгдлээр нарны алтан цацраг харван орж ирнэ, харин тухайн цагт мунхран унтахгүй байхыг хичээх бол хамгийн чухал гэж би боддог.
6. Тавин жилийн ард өвөрлөгчид ямар болно гэж таамаглаж чадах уу? Бүх талаар таамаглаад үзэхгүй юу?
Хариу:
Монгол маань ойрд тулгарч байгаа хямралыг даагаад гардаг л юм бол, тавин жилийн дараах өвөрлөгчид наад зах нь одоогоос зуу дахин өөдтэй орших болно. Гэхэд дагаж гарна гэхэд голдуу бүх ардын соёлын тамирыг түшиглэнэ. Энэ талаар сэтгэл шаналдаг ч яахав дээ, итгэл алдах болоогүй байна. Өнгөрснийг бодвол олон хүн сэхээрч байна, үндэстний хувь заяанд санаа болдог хүн олон харагдах болсон нь зарим хүмүүсийн ярьдаг 50 жилийн дараа Монгол оршихгүй болно гэдэгт няцаалт болж болно. Монголчууд наашилж байгаа ардчилалыг уриалан дуудаж чадахгүй ч гэсэн тэр сайхан амьдын жаргалт цаг үеийг хүрч иртлээ цусаа, соёлоо, хэлээ эрүүл бүтнээр нь хамгаалж байвал Монгол соёл 50 жилийн цаана 13 дугаар зуун шиг биш ч хайлж мөхөх хямралгүй орших болно.
7. Та өөрөө Чингисийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Агуулга, арга хэмжээ зэрэг талаас ямар шиг тэмдэглэх хэрэгтэй гэдгийг нийт Монголдоо хандаж төсөвлөж үзээрэй. Уг санаа юу?
Хариу:
Олон ажил хийх санаатай, гэхэд хийж байгаа маань тун цөөн.
А. Тухайн өдрийн өглөө үдэш хоёр удаа хүж асаан, эзэн сан уншиж, Богд Чингисийн сүлд Монгол соёлоо тэтгэж хайрла гэж даатган мөргөдөг.
В. Нийгэм дээр юмуу сургуулиар дурсгах хөдөлгөөнтэй бол идавхтэй оролцдог, бас хийж байгаа хүмүүст бага сага мөнгө тусалдаг.
Богд Чингис бол Монгол гэдэг энэ хамтын цогцын үүдэгч мөн, тэр бол бтдний дээдэс бөгөөд шүтээн байх учиртай. Тиймээс Чингисийн тахилга бол Монгол хүний хамтын тахилга мөн. Христосчууд 12 сарын 25-наа тэмдэглэдэг шиг бид бас нэгдэлтэй, тогтонгуй баярын өдөр болговол таарна. Тэр бол Монгол хүн бүхний тэмдэглэх ёстой өдөр юм, харин одоогийнх шиг цөөн хэдэн ухамсарласан Монгол хүний л баярын өдөр биш л дээ. Үндэстний омогшилт сэтгэл ба хайр сэтгэл, харицлагат оврыг хүмүүжүүлж, Монгол хүний өөрийгөө зөв таньж зөв үнэлэх боломжийг хангах зорилгоос л хийнэ. Дахиад хэлвэл, дээдсээ шүтэх дурсгах ямар ч бодитой зорилгогүй байсан ч бололгүй дээ, энэ бол хүн төрөлхтний байваас зохих зан журам юм чинь. Хятад хүн домог төдий Хуандигаа тахиж байтал бидний дэлхийд бишрэгдсэн дээдсээ тахихыг хэнээр ч заалгахгүй бол зөв. Яг үнэндээ энэ улс хэлснээ идэж байхгүй бол улсын тахилга хийх ёстой, гэхдээ би ийм эрмэлзэл тавьж өнгөрөөгүй. Бид өөрөө л олон зүйлийн хөдөлгөөн өрнүүлж хүн ардынхаа сэтгэлд гүн согогдол үлдээн, хожим хамтын тахилгын өдөр болгохыг зорьж болно.
8. Та өөрөө интернетийг хир ашигладаг вэ? Голдуу ямар ямар сайтыг хэрэглэдэг вэ? Чатлах, мессенжерээр ярихдаа ямар хэл бичиг хэрэглэдэг вэ? Монголчуудын нет соёлыг хөгжүүлэх төсөв хийж үзэхгүй юу?
Хариу:
Интернет миний амьдарлын хагас агуулгыг эзлэх болж байгаа ч болов уу гэж боддог. Монгол сүлжээндээ л ордог, Монголоор бичдэг ярьдаг буюу наад зах нь Монгол хүний Хятадаар хийж байгаа сүлжээнд үргэлжийн чанартай ажилладаг: Худам Монгол, Латин Монгол ба Хятад хэл бичиг хэрэглэдэг (Криллыг муухан уншдагтаа зовж байна, дараагаар сурна): Монголчуудын нет соёлыг хөгжүүлэх тухай, нетээр бэлгэ тэмдэг болгосон интернетийн цаг үед Монголчууд ч энэ цаг үеийн гадуур тойрч гарч чадахгүй, иймээс нөхцөлтэй хүмүүс сүлжээнээс зайлах назгай оврыг бодвол идэвхтэйгээр оролцвол дээр. Тэгээд амьдарлын нөхцөл зүгээр шиг нутгийн хөдөө тосгон малжих оронд ч тариачид малчдаа сүлжээнд оруулахыг санаачилж болно. Нарны энерги ба салхины хүчээр цахилгаан гаргаж болж байгаа цаг үед Монгол гэрээс ч сүлжээнд орж болох боломж байж болно. Хэдэн зууны турш Монголчуудад аль ч засаг тэгш хандаагүй, харин интернет хүн бүхэнд тэгш ханддаг, одоохонд нийгэм дээр олж харахгүй эрх чөлөөг бид интернет дэр эдэлж байгаа, бас зохих саадтай ч гэсэн харьцангуйгаар нийгмийн орчноос дээр байх бол үнэн. Бид ийм сайхан тохиолыг харин ашиглаж байгаагаар гүйцэдгүй гэж бодогдож байна. Үзэл сэтгэлгээр нэвтрэлцэж, санал бодлоо солилцож, бодитой ажиллагаа тохируулах гэх мэт талаар хийх чухалтай зүйл олон байна: Аж ахуйн талаар хийх сураг зангийг олж ашиглах талаар нэн өргөн хөгжилтын зай байна. Бид ер нь интернет дээр олон ажил хийх чухалтай. Нэн бодитой зүйлийг миний хувьд одоохонд төсөвлөж чадахгүй л дээ, уучлаарай.
9. Өөрийн чинь хамгаас баярладаг, хамгаас бахархдаг, хамгаас зовдог, хамгаас жигшдэг, хамгаас тоодог, хамгаас айдаг, хамгаас хүсдэг, хамгаас хөөцөлддөг, хамгаас муулдаг, хамгаас сайлдаг зүйлээ ний нуугүй тодруулах уу?
Хариу:
Ха ха, арван асуудал нь надад авч үзвэл хоёрхон хариулттай. Би гэж ингэж л дөхөм сэтгэдэг хүн юм даа.
Хамгаас баярладаг, бахархдаг, тоодог, хүсдэг, хөөцөлддөг, сайлдаг зүйл – Монгол соёлоо хайрладаг, цог сүлдтэй Монгол хүнээ бахархдаг, тоодог, сайлдаг: Монгол соёлын сэргэлтийг харвал баярладаг.
Хамгаас зовдог, жигшдэг, айдаг, муулдаг зүйл – Монгол хүн өөрийгөө голж, түүндээ сэтгэл түнүүн байдгийг жигшиж муулдаг, Монгол соёлын учирч байгаа хямрал хэцүүдэж байхад зовдог, тэгээд мэрэгдсээр ором төдий болохоос айдаг.
Эдгээрийг ярихад нэг мах цусгүй хүн ярьж байгаа шиг санагдах байх, гэтэл аргагүй, би өөрөө үнэнээ хэлэх дуртай л даа, эрүүл чийргийг хүсдэг, хувь хүний эрх чөлөөг хөөцөлддөг, мөнгөтэй байж юу хийе гэвэл хийж, хаа хүрье гэвэл хүрч байх амьдарлыг ч хүсдэг, мах цустай төрснөөс хойш энгийн хүний хүсдэг зүйлийг бүр хүсэж байдаг ч, сэдэв маань “хамгийн” гэх тодотголтой шүү дээ. Миний хувь хүний тэдгээр хүсэл минь их ч байг, бага ч байг, эрхэм дээд ч байг, эгэл доорд ч байг, хамтын энэ хүсэлтэй салж чадахгүй холбоостойг эрт таньсан даа. Ингэж үзвэл ойлгомжтой ч болов уу? Би өөрийгөө багаасаа эрхэм дээд хүн гэж үнэлдэг, тэгэхээрээ эгэл, болхи, бузар, балай, ховч, худалч ...... олон муухай зан чанарыг аргагүй голдогсон (Сэдвийн гаднах үг болчихов уу?).
Сэдвийг чадан ядан хариуллаа, зарим зүйлсийг ойлгож чадаагүйгээр хариулсан боломж байна. Заавал шан тосоё ч гэсэн биш, харин Монгол соёлынхоо өмнөөс ингэж холыг сэтгэж, ийм ашигтай ажил өрнүүлж байгаа зохиогчийн “Эрхэм ярилцлага”-д оролцхын төлөө, мөн энэ сэдвийг ойшоолгүй хаяж төвдөхгүйгээс л хариуллаа (Зохиогчийн үгээр “Урам хайрлаж” байна гэх үү, ха ха). Шагналын сугалаанд оролцохгүйд болно, харин оролцох л ёстой бол аз таарч буянтай уншигч буюу азтай уншигч болвол шагналын мөнгийг тэр даруйд нь “Эх орон” сүлжээний ядуу хүчиртэй сурагчдыг тэтгэж байгаа инженерингэд хандивлана.
2006 оны 10 сарын 8-ны шөнө “Цээлийн өндөр” өргөөнд
No comments:
Post a Comment