Өвөрмонголын тэмцэгч Г.Рүбин

Өвөр Монголын тэмцэгч Г.Рүбин: Манай хоёр тэмцэгч өчигдөрхөн Монгол руу зугтааж ирлээ

ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн малчин Мэргэнийг хятад жолооч хүнд даацын машинаар дайрч, хөнөөсний дараа өнгөрөгч долоо хоногоос Өвөр Монголчууд жагсаал цуглаан зохион байгуулж, хятадын хууль сахиулах албаныхантай мөргөлдөхөд хүрсэн юм.

Уг тэмцэл нэлээд ширүүсэж олон арван оюутан сурагч, багш нарыг баривчилж, зарим нь сураггүй болсон гэх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Энэхүү үндэстний тэмцэл хэрхэн өрнөж буй талаар жагсаалыг зохион байгуулагчдын нэг Өвөр Монголын Эрх чөлөө намын тэргүүн Г.Рүбинтэй ярилцлаа.

- Шилийн гол аймагт эхэлсэн тэмцлээс үүдэн олон арван оюутан сурагч сураггүй боллоо гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?
- Нутаг бэлчээрээ хамгаалан тэмцэж эхэлсэн жирийн Монгол малчин залууг зэрлэгээр хөнөөсөн нь хятадын үндэстний цөөнх болсон Өвөр Монголчуудыг бослого гаргахад хүргэлээ. Энэ жагсаалыг тайван замаар явуулах боломжгүй учраас бослого гэж бид үзэж байгаа.

Хэрэг явдал гарсны дараа хятадын эрх баригчдын зүгээс талийгаач Мэргэний ар гэрийнхэнд 68 мянган юанийн нөхөн төлбөр өгч, хоёр хүүхдийг 18 нас хүртэл төрөөс суралцах сургалтын зардлыг нь гаргах шийдвэр гарсан байна лээ. Хэдийгээр талийгаачийн ар гэрт хятадын эрх бүхий албан тушаалтнууд анхаарал тавьж эхэлсэн ч бид тэмцлээ үргэлжлүүлж байна.

Яг одоо Шилийн гол аймгийн Зүүн, Баруун үзэмчин хошуу цэрэг цагдаагийн хатуу хяналтад дор байна. Ерөөс 100 хувь хятадын цэрэг цагдаагийхний хараанд байна л даа. Тодруулбал тэмцэл өрнөж байгаа нутаг дэвсгэрийн утас, интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүрэн хаасан учраас яг хэдэн хүн сураггүй болсон, хэдэн хүн баривчлагдан гянданд хоригдож буй тоо баримтыг нарийн гаргах боломж алга. Мэдээж байдал маш хүнд байгаа нь ойлгомжтой.

- Онц байдал зарласан гэж байсан. Хүний амь эрсэдсэн тохиодол бий юу. Та тэмцэгчидтэйгээ яаж холбогдож байна вэ?
- Тийм, онц байдал зарласан байгаа. Бослогод оролцсон хүмүүсийг нэг бүрчлэн баривчилж заримыг нь тагнаж чагнах ажиллагаа байнга хийж байна. Өчигдөрхөн манай хоёр тэмцэгч Монгол руу зугтааж орж ирсэн. Тэднээс би сүүлийн үеийн мэдээлэл авлаа даа. Мөн АНУ, Япон зэрэг улс оронд амьдарч байгаа элэг нэгтнүүтэйгээ холбоо тогтоон ажиллаж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах талаар ч ярилцаж байна. Бослого эхэлснээс хойш хүний амь эрсэдсэн эсэхийг одоогоор хэлэх боломж үнэхээр алга. Учир нь Шилийн гол аймагт болж буй үйл явдлын талаар бодит мэдээлэл авахад маш хүнд байгаа.

- Шилийн гол аймагт болж буй үйл явдлыг сурвалжилж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч бий юу?
- Саяхан Ийгл телевизийн удирдлагууд Шилийн гол аймгаас шууд сурвалжилга хийх боломж бий юу гэсэн хүсэлт тавьж байна лээ. Шууд сурвалжилга хийх боломж хаалттай л даа. Учир нь аймаг хошууны хооронд хаалт хийж, зорчигчдыг нэг бүрчлэн шалгаж, дүрс бичлэгийн аппарат, дуу хураагуур байвал хураан авч байгаа.

Хэрэв гадаадын хэвлэл мэдээллийнхэн Шилийн гол аймагт нэвтэрвэл жинхэнэ бодит мэдээллийг авна. Бослого гарч эхэлснээс хойш тэмцэгчдийг хүчээр нухчин дарж байна.

Шилийн гол аймагт онц байдал зарлахдаа одоогоос олон жилийн өмнө Бээжингийн төв талбайд жагссан хэдэн мянган оюутнуудыг нухчин дарсан гучин наймдугаар арми яг одоо Шилийн гол аймагт орж ирсэн байгаа. Маш аюултай нөхцөл байдал үүссэн. Олон хүний амь эрсдэхийг ч үгүйсгэх арга байхгүй.

- Бидэнд олдож байгаа мэдээллээр ӨМӨЗО-д нөхцөл байдал нэлээд намжсан гэж ойлгож байгаа?
- Яг тэмцэл өрнөж буй голомтод нөхцөл байдал хүнд байгаа. Гаднаас нь харахад харьцангүй байдал намжсан юм шиг харагдаж байж болно. Гэтэл өнөөдрийг хүртэл олон арван хүмүүстэйгээ бид харилцаа холбоо тасарлаа. Тэд чухам яасныг мэдэх юм алга.

- Та өөрөө нутагтаа очсон уу?
- Би Япон улсад арав гаруй жил амьдарч байгаад Монголд ирлээ. Тэнд амьдарч байхдаа элэг нэгтэн ахан дүүстэйгээ хамтран Эрх чөлөө намаа байгуулсан. Хэрэв би хятадын хилээр нэвтэрвэл шууд шоронд орно шүү дээ. Эцэг эх садан төрөлтэйгөө уулзаагүй их олон жил болж байна, би.

- Өмнө нь олон удаа жагсаал цуглаан танай нутагт өрнөж байсан. Хамгийн их үр дүнд хүрсэн тэмцэл хэдэн онд болж байв?
- Өвөр Монголын нутаг дэвсгэрт хятад цагаачдыг нутагшуулах тухай нам засгийн шийдвэр 1981 онд гарч үүнийг эсэргүүцэн оюутан сурагчид улс орныг хамарсан өргөн хүрээний жагсаалыг зохион байгуулж байсан. Үүнийг 1981 оны сурагчдын хөдөлгөөн гэж нэрлэдэг.

Тухайн үед оюутан сурагчдын төлөөлөл Бээжинд очиж эрх баригчидтай уулзалт хийж дээрх шийдвэрийг цуцлуулсан байдаг. Гэвч тухайн үед хятад цагаачдыг нутагшуулах шийдвэр цуцлагдсан ч хятадууд аажмаар хан үндэстнийг манай нутагт суурьшуулсан.

Өнөөдрийн байдлаар Өвөр Монголын нутаг дэвсгэрийн хүн амын 80 хувь нь хятад иргэд оршин сууж байна даа. Тэр үеийн тэмцлийн үеэр хохирогч болсон оюутан сурагчид маш олон бий.
Үүний дараа 1990 оноос гадаад улс оронд амьдарч буй Өвөр Монголчууд ардын нам байгуулж мөн л эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсэн.

- Эрх чөлөөнийхөө төлөө тууштай тэмцэгчдийг нэрлэвэл?
- 1947 оноос эхлээд өнөөг хүртэл эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн олон Монголчууд хэлмэгдэж, шоронд олон жилээр хоригдож хавчлага дунд амьдарч ирсэн .

Тухайлбал Хуучинхүү, Хадаа нар бол 10 гаруй жилийн турш гянданд хоригдож байгаа. Энэ оны хоёрдугаар сард Хадааг хятадын цагдаагийнхан сулласан ч бүх үйл хөдөлгөөнийг нь хатуу чанга хянаж байгаа. Саяхан түүний эхнэр хүүхдийг нь гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл дамжуулсан гэх үндэслэлээр баривчилсан байна лээ. Үүнийг эсэргүүцэн Хадаа өлсгөлөн зарласан гэж сонссон. Түүнийг өлсгөлөн зарласнаас хойш холбоо харилцаа тасарсан л даа.

-Өвөр Монголын багш Г.Батзангаа Монгол Улс руу дүрвэж ирснийхээ дараа хятадуудад баригдаад явсан гэж сонссон. Чухам юу болсон юм бэ?

- Төвдийн Анагаах ухааны сургуулийн захирал байсан Батзангаа өнгөрөгч 2009 оны аравдугаар сарын 29-нд тусгаар тогтносон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо байх НҮБ-ын Дүрвэгсэдийн агентлагт НҮБ-ын улс төрийн оргонолын эрх авахаар өргөдөл өгсөнийхөө дараахан эхнэр Баянхуар, охин Чилгүүн нарын хамт баригдсан.

Тэднийг маргааш өдөр нь Хятадын ӨМӨЗО-ны Ордос аймаг уруу албадан гаргасан л даа. Тэднийг баривчлах, албадан буцаах ажиллагааг Монгол Улс болон Хятадын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын дөрвөн цагдаа, Монголын арав буюу түүнээс дээш цагдаа нууцаар хийж гүйцэтгэсэн юм билээ.

Үндэстний тэрс үзэлтэй Батзангааг улс төрийн орогнол хүсэж ирэхэд нь Олон улсын хүний эрхийн хэм хэмжээ НҮБ-ын Хүний эрхийн конвенцын холбогдох заалтуудыг бүдүүлгээр зөрчсөн НҮБ-ын Монгол дахь Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн Дээд комиссын ажилтан Н.Анар, ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөн нарын талаар Батзангаа НҮБ хандсаны үр дүнд Н.Анар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн.
Харин Батзангаагийн хувьд Ордос хотын шүүхээс гурван жилийн хорих ял сонсоод байна. Удахгүй давж заалдах шатны шүүх хурал нь болох байх.

- Тэр хятад жолоочид яагаад хариуцлага тооцохгүй гэсэн юм бол?
- Монголчуудын тавьж буй шаардлага бол тэр хүнийг цаазлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн манай нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоо гэсэн шаардлага тавьж байгаа.

- Сураггүй болсон хүмүүстэйгээ ямар нэгэн байдлаар холбоо тогтоох боломж байхгүй юу?
- Бослогод оролцсон Өвөр Монголчуудыг л хоморголон баривчилсаар байна. Хэдэн хүнд хилс ял тохож, хэлмэгдүүлэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Манай элэг нэгт монголчууд АНУ, Японд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Биднийг Японы Ерөнхий сайд хүлээн авч уулзан дэмжиж буйгаа илэрхийлсэн.

2 comments:

  1. mongolchuud bid negdeh heregtei
    baigal nuuraas tsagaan herem huretl il tarvagatai.s oh hyangan hurtelh unagan turulh ih mongol ulsaa chingesiin ur sad bid dahin baiguulah bolno gehdee unuudriinh shig humuus uls turd bgaad bh ym bol hetsuu shuu dee

    ReplyDelete
  2. eleg negt mgl-chuud mini iim baidald baigaad setgel ubduj bna tuslah setgel ih baibch arga zam alga boldog bol temtseed tusgaar togtnoloo olbol hichneen saihan bi ubur mgl-d ochij vzseen ih urubdultei haragddag hvchee negtgeed temtseerei demjij bna

    ReplyDelete