Mэдэгдэл...

Өвөр Монголын залуусаас Монгол улсын элэг нэгт ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна.
Жич: Соёлын өв, хэл аялга, байгал нүүдлийн соёл иргэншилийн тухай
 1. Соёлын өвийн тухай.
Сүүлийн хэдэн жил Хятадын засгийн газраас зохион байгуулалтай Монгол үндэстний соёлын биет болоод биет бус өвийг сэргээн засварлах, хамгаалах гэсэн нэрээр Хятадын соёлын өв болоод дэлхийн соёлын өвд бүртгүүлэх нь ихэслээ.
Үүний далд санаа нь Монгол улсын иргэд ба өвөр Монголчуудын  дунд яс хаях, үл ойлголцох, үзэн ядах үзлийг бий болгох санаа агуулж байна гэж бид үзэж байна.
Өвөр Монголчууд бид хэзээд Монгол улсдаа элэгтэйн дээр хэзээ ч соёл, түүх, шашны үнэт өвийг Хятадын гарт атгуулах санаа үгүй ээ.
Хятадын засгийн газраас өөрийн ноёрхол доор байгаа өвөр Монгол, Уйгар, Түвд зэрэг үндэстнүүдийн соёлын үнэт өвийг албадлагаар  Хятад улсын биет ба биет бус соёлын өвд татан оруулсаар байна.
Одоогийн байдлаар Төвдөөс 15 төрөл, Уйгараас 14н төрөл, Өвөр Монголоос 17 төрлийн биет ба биет бус соёлын өвийг Хятад улсын соёлын өвд   хүчээр оруулсан
Үүгээр үл барам олон улсын хэмжээнд Хятадууд НҮБ-н биет ба биет бус соёлын өвийн жагсаалтанд анх 2008 онд Уйгараас Мигам урлаг, өвөр Монголоос уртын дууг (Монгол улстай хамтарч) 2009 онд Төвдийн Цам-г, Хятад улсын нэрийн өмнөөс бүртгүүлээд зогсоогүй хамгийн ичгүүр сонжуургүй нь 2009 онд Монгол хөөмийг өвөр Монголчуудын нэрийг өмнөө барин Хятадын нэрэн доор НҮБ-н биет  бас биет бус өвд бүртгүүлсэн байна.
Энэ бол Нангиад хүмүүсийн жинхэнэ хорт санаа, Хятад төрийн ичгүүргүй бузар үйлдэл юм. Монголчууд бидний дунд яс хаяж, хагалан бутаргах санаархалтай энэхүү  үйлдлийг Монгол хүний саруул ухаандаа тунгааж болгоомжлохтүн Монголчуудаа!
Иймд тусгаар Монгол улсын эрх чөлөөт иргэд та бүхэн сонор сэргэг байж түүх соёлийн үнэт өвөө нандигнан хамгаалж,  яаралтай олон улсын байгууллагуудаар баталгаажуулж авна уу!
2. Хэл аялгa
Та бүхний сайн мэдэж байгаагаар Хянганы нуруунаас Алшаа хүртэл өргөн 1,2 сая ам км талбай  бүхий нутагт Барга, Буриад, Хорчин, Харчин, Байран, Үзэмчин, Цахар, Ордос, Урад, Урдууд гэх мэт Монгол үндэстний ястнууд  өөр өөрсдийн өвөрмөц онцлогтой хувцас, гоёл, аялга, дуу урлагаараа Монгол хэмээх агуу соёлыг чимсээр ирсэн билээ.
Өвөр Монголчууд  бид босоо Монгол бичиг хадгалж  олон аялгатай Монгол хэлээр хоорондоо ярилцдаг . Түүхэндээ Монголчууд ийм л байсан. Ийм ч байх болно.
Хэл аялга бол тухайн ястны гарал үүсэл, сэтгэхүйн онцлог, байгал орон ,хэл бичгийн язгуур нэр, нэршилийг зөв хадгалан үлдэх хосгүй чухал соёлын өв юм.
Энэ тал дээр дэлхийн тэргүүлэх ардчилалтай Норвег, Швед, Дани,Герман зэрэг улсууд онцгой анхааран дэмжиж хамгаалдаг. Гэтэл Монгол үндэстний дунд энэхүү нутгийн аялгыг ихэд шоолон, гадуурхах, нэгэн хэвшвэл төв аялга руу шахах бодлого эрчимжиж байна.
Энэ бол Монгоп шиг их газар нутагтай, агуу соёл түүхтэй үндэстэнд байж боломгүй буруу асуудал юм. Бид соёлын хувьд тэлж,  дархлаажиж  байх ёстой болохоос хумигдаж явцуу болж болохгүй!
Өвөр Монголд 1990 оноос хойш Монгол бага сургуулиудыг Хятадын төр хүчээр хааж Монгол хүүхдүүдийг Хятад сургуульд хүчээр сургаж байна. Энэ нь Өвөр Монголчууд бидний дунд маш их аюул болж Монгол хүүхдүүд эх хэлээрээ бичиж ярих нь илтэд багасаж аюулын дохио болж байна.
Үүнийг ажигласан өвөр Монголын сэхээтнүүд идэвхийлсэн санаа, санаачилга гаргах боловч тэр бүрдээ Хятадын цагдаа, хүчнийхэнд баригдаж байна.
Энэхүү үнэн бодит нөхцлийг Монгол улсын ахан дүүс ухаалагаар хүлээн авч, уужуу хол сэтгэж халуун сэтгэлээр бидэнд туслана уу.
Монгол улсын сэхээтнүүд, боловсролын мэргэжлийн байгууллагууд Монгол хэл, аялга  сэтгэхүйгээ хамгаалахын төлөө өвөр Монголчууд бидэнтэй олон талаар хамтран ажиллана гэж итгэж байна.
Иймд эзэн богд Чингис хааны
Даян дэлхийг түвшитгэн зассугай гэхүл
Даяар олон иргэнийг хураан эедүүлэгтүн
Дэлхийн хүмүүн олныг эедүүлье гэхүл
Далай их сэтгэл итгэлийг ологтун! хэмээсэн агуу сургаалыг сануулсугай
3. Байгал орчин ба нүүдлийн соёл иргэншил
Өнөөдөр өвөр Монголын 4,5 сая Монголчуудаас  1,1 сая хүн мал маллаж Монгол ахуйгаараа амьдарч байна. Гэвч тэдний амьдрах орчинд, малын бэлчээрт Хятадууд ихээр халдаж малын бэлчээх нутгийг багасгах, булаах, тариалангийн талбай болгох, цөл газар, суурин газар руу шахах зэргээр өдрөөс өдөрт дарамталж байна.
 Хятадууд өвөр Монголын газар нутгийг бүрэн судалж дэлхийд нэр бүртгэгдсэн 140-н нэр төрлийн ашигт малтмалаас 100- гаран зүйлийнх нь байрлал, нөөцийг тогтоож богино хугацаанд ухаж дээрэмдэх гэж улайран шунаж байна.
Өвөр Монголд 13-н газрын тос, байгалийн хий олборлож, 860 гаруй уурхайг ашиглаж, газрын ховор элемэнт, алт, нүүрс, төмрийн хүдэр, зэс, мөнгө зэргийг олборлож тэр хэмжээгээр байгал, бэлчээр газар нутгийг урд өмнө байгаагүйгээр устгаж байна.
Үүнийг дагаад өвөр Монголын олон газар  химийн үйлдвэр, хүнд үйлдвэр, цахилгаан станцууд олноор баригдаж агаарын бохирдол, ундны ус, хөрсний бохирдол, цөлжилт, хятад иргэдийн шилжин суурьших нь  гамшгийн хэмжээнд хүрч байна. Хятадын цагаачдын тоо 30 сая хол давсан.
Цаашид  өвөр Монголын 100 гаруй мянган ам км талбайгаас 200 тэрбүм тонн нүүрс олборлоно гэж шуналтаж байна. Энэ хэмжээгээр Монгол соёл ,ахуй, удмын сан бохирдож Монгол хүн Монгол нутагтаа тайван эрүүл суух нөхцөл үгүй болж байна.
Энэ гамшигийг  Монгол улсын ард түмэн бүү давтаарай.
Хятадуудын шуналаас болгоомжлохтун! 
Уул уурхай, ус мөрнөө ухаалаг ашиглаж, байгал орчин Монгол ахуйгаа хайрлаж болгоомжтой байгаарай.
Өчигдрийн өвөр Монголын үзсэн туулсан зовлонг  өнөөдөр Монгол улсыг дайрч болохгүй.
Монгол үндэстний гал голомт үүрд оршиж, Монгол хүний мэлмий тунгалаг, ухаан саруул сэргэг байх болтуухай.
Монгол улс нь нийт Монгол үндэстнийг эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнол Монгол цусаар даллан дуудаж итгэл, сэтгэл, зүтгэлийг үзүүлэн уриалж Монгол түмнээ нэгтгэн нэгдүүлэх болтуухай.
2013 оны 5 сарын 1нд

No comments:

Post a Comment