Швед дэх Монголчууд Хятадын улс төрийн хорт бодлогыг эсэргүүцэв!


 Уриалга ! Өвөр Монголчуудаа!
Хөх толбот эзэн Чингис хааны удам, хийморилог Монголчууд минь ээ!Мөнх тэнгэрээс бидэнд заяасан Монгол нутгийнхаа төлөө,   халуун амиа хайрлахгүй тэмцэж явсан агуу дээдсийн түүх балраагүй байна.
Та бидний амьдарч байгаа энэ цаг үе бол өвөр Монголын ОРШИХ, ЭС ОРШИХИЙГ шийдэх нэгэн чухал цаг мөч билээ.



  Хятадын коммунист нам  өвөр Монголчуудыг  хятад соёл, цусанд уусгаж бидний нутагт эзэн суух гэсэн эртний хорон санаагаа хэрэгжүүлсээр л байна.
Өнөөдөр бид  Өвөр Монголын өөртөө засах орон нэртэй боловч үнэндээ бүх засаглал Хятадын шууд удирдлага дор маш нарийн хяналттай явагдах болсон.
 Үүсэл гарал, удам угсаа, үүх түүх, ёс заншил ондоо Хятад үндэстнүүд Монгол нутагт цагаачлан их хэмжээгээр ирснээс байгал дэлхийгээ хайрлах Монгол уламжлал, ухаан алдагдлаа.


 Монголчууд бид өвөг дээдсийн алдар суу, ариун цусаар бичигдсэн ТҮҮХ, Эх хэл, Монгол соёлоосоо  холдож Өвөр Монголын өргөн нутгаа харийн цагаачдад найр тавьсаар өгөх гэж үү? Бидний амьдарч байгаа цаг үе Монголын үе үеийн түүхэнд хараар бичигдэн үлдэх хувь зохиолтой гэж үү?
 Үр хүүхдүүд маань Хятадаар сэтгэж, хятадуудад адлагдаж амьдрах хувьтай гэж үү?
Бид охорхон амьдралаа юунд хайрлаж амиа борлуулж сууна вэ?
Эх нутагтаа, элгэн саднаараа, эх байгалтайгаа ингээд хайлаад дуусах гэж үү?


 Үгүй ээ Монголчуудаа! Ийм түүх бидэнд байгаагүй, байх ч үгүй, байлгах ч үгүй!!

Өвөр Монголчууд бидэнд
Хатанбаатарын босоогоороо нөхчсөн Монгол омог, зориг
Хорчиний талыг амиараа хамгаалсан Зоригтбаатарын зүтгэл тэмцэл,
Харчины нутагт  судраа тэрлэсэн  Инжинашийн сод мэргэн ухаан,
Хаан Лигдэний хайрлаж тэмцсэн өврийн үзэсгэлэнт нутаг,
Хун тайж Дэмчигдонровын хүчээ нэгтгэсэн Шилийн голын ариун тал,
Эзэн богд Чингис хааны эрхэмлэх суутай есөн цагаан өргөө Ордост  бариатай байна.

Бидэнд  бахархах зүйл, эрхэмлэх нэр, ид хүч, эрэлхэг зориг байна!
Эгэл жирийн малчид, багш нар өвөр Монголоо өмгөөлөөд амь нас, эрх чөлөөгөө алдаж байна. Балчир жаахан сургуулийн сурагчид өөрөөсөө гарамгүй эр зоригоор жагсаж байна.


 Дэлхийгээр тархсан Монголчууд дээлээ бүслээд харж байна.
 Өвөр Монголчууд биднийг өндийгөөд тэмцэхийг хүлээж байнаа.

Өвөр Монголчуудаа байгал эхээ хамгаалахын төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө , үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцье!




























No comments:

Post a Comment