"ӨВӨРЛӨГЧ ӨВГӨНИЙ ӨЧИЛ"

Найрагч Ө.Батзоригт "Шүүдэрт зөргийн гуниг" нэртэй шинэхэн номноос .

Нар тоссон буурал тал минь сэвшээ салхиа гээж
Нанхиад иргэдийн тарианы шан болохыг үзэв
Адуу тургиж, унага эрхэлсэн хөдөөд минь
Ачааны тэрэгтэй илжиг зүтгэхийг харав
Өүлэн ижийн эрхэмсэг гоо охид
Өмнөд нутгийн залутай дэр нэгтгэхийг үзэв
Хөдсөн дээлтэй тэнгэрийн харьяат үрс
Хөх толбоо гээж төрөхийг харав
Уртын дууны шуранхай хадаж морьдын хөлс ханхалсан
Умарын дагшин орны хоймор зүгт
Хөгшин хятадын хөшөө сүндэрлэн босож
Хөх Монголын сүрийг хүчээр дарж байна
Сэлэмийн соривтой элэнцийн минь цусаа урсгаж хамгаалсан
Сэвшээ хонгор салхи нь цуурай хадаан эгшиглэсэн
Омголон цэнхэр зэрэглээ нь манхан дамжин дуниартсан
Оршихуйн мөнх тэнгэр нь ивээлээ өгч аргадсан
Цөс ихтэй өвгөд нь халихдаа сүнсээ захиж үлдээдэг
Цөнгөө түрсэн гол нь эргэндээ багтаж яддаг
Тийм л тэнгэрлиг Монголын минь сүр хүчинд автахдаа
Тиг гортигондоо багтаах гэж хорвоо хүртэл зүдэрч байсан даа
Тэмүүжин эцгийн байгуулсан гүрэн их улсыг минь
Тэрсүүд хэдэн улс булаалдан тарааж дууслаа
Буцахдаа би сүнсээ юундаа захинам
Бурхан мартсан нутгаа орхиж яаж түвднэм
Омог төгөлдөр өвгөдийн минь сүлд ивээж
Орчлонд би эргэж төрөхдөө
Сүлд их Монголынхоо туурга тусгаарын төлөө
Сүнсээ шаттал тэмцэж хорвоотой би данс дугуйлнаа.

No comments:

Post a Comment